
Засгийн газар ирэх 4-6 дугаар саруудад сард хоёр удаа, нийт зургаан удаа хөдөө орон нутагт хуралдах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан.
Тэгвэл уг шийдвэрийг хүмүүс томилолтын мөнгө, хоол, унд, буудал, харуул, хамгаалалт гээд зардал, чирэгдлийн л нэмэр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн дээд байгууллагууд нийслэлдээ байнга оршдог байх, төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагууд буюу улс орны нийгэм, эдийн засгийн амин чухал салбаруудыг “шуурхай” удирдлагаар хангах гэх мэт зарчмууд, заалтыг зөрчиж байна хэмээн эсэргүүцэж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газар хаана ч хуралдаж болно. Гүйцэтгэх эрх мэдэл бүх нэгж дээр хүрч ажиллах ёстой. Парламент харин парламентын байрнаасаа гадуур хуралдаж болохгүй. Төрийн ордон гэх буруу хэллэгээс салах цаг болсон байх. Мөн УИХ-ын чуулганы толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн илэрхийлэл үе үеийн Ерөнхий сайд гараад суучихдагийг бас болиулах ёстой” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.