
Байцааны хальс лугаа олон давхаргат ардчилсан тогтолцооны шим шүүс гүндээ байдаг тухай Габриел Алмонд гэж судлаач өнгөрсөн зууны 50-иад онд судалж гаргажээ. Ардчиллыг “амьд” байлгадаг тэрхүү давхарга нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэх мэт хүмүүсийн сайн дурын нэгдлүүд, хяналт, тэнцвэрийн механизмууд юм.
Эд яагаад ардчиллыг дэмжих шимтлэг, шүүслэг орчин бэ гэхээр хүмүүсийн соёл, хандлагын үр соёолдог орчин ажээ. Энэ орчин амьд халуун, ёс суртахуунтай, ардчилсан хэв маягтай, эрх чөлөөтэй, оролцоотой байх тусам парламент, Засгийн газар, шүүхийг хариуцлагатай ажиллуулах суурь болдог гэж Габриел Алмонд үзжээ.
Монголчуудын 70 жил туулсан коммунист, дарангуй нэг намтай тогтолцоонд хэвлэл мэдээллийн байгууллага болон эмэгтэйчүүдийн, залуучуудын гэх зэрэг эвлэл, холбоод нь төрийн нэг хэсэг байв. Энд эрх чөлөөний тухай ойлголт байхгүй. Ардчилсан тогтолцоонд л энэ тухай ярина. Харин ардчилллын бэхжилтэд коммунизмын үеэс өвлөгдөж ирсэн сэтгэлгээ саад болж, тэр ч бүү хэл ардчиллыг гажуудуулах нэг шалтгаан болдогийг судлаачид судалж гаргажээ. Хатуу дэглэмтэй тогтолцоо нь хүмүүсийг төрөөс хараат, хүлцэнгүй, аймхай болгодог бөгөөд энэ сэтгэлгээний орчин ялангуяа улс төрийн намаар дамжин өвлөгдөж иржээ.
Германы улс төр судлаач Вольфганг Меркель пост коммунист орнуудад ардчилал гажуудсаны нэг шалтгааныг үүнтэй холбож үзсэн байна.
Үндсэн хуулиараа ардчилсан тогтолцоотой хэрнээ амьдрал дээр ардчилал ингэж гажуудсаныг өнөөдрийн Монголоос бүрэн тольдож болохоор. Хүний эрх зөрчигддөг, шүүх засаглал нь асуудалтай, сонгууль шударга бус болсон, авлигажсан, эрх мэдэл төвлөрсөн, хүмүүс улстөрөөс хүнийссэн, хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэцүүдсэн, популизм гаарсан зэрэг нь Меркелийн тодорхойлолттой бүрнээ нийцэж байна.
Тэгэхээр Монголын ардчилал гажууджээ. Арай ч автократ ангилалд орчихоогүй байгаа бололтой. Миний мэдэхийн 2000-аад онд хэвлэл эрх чөлөөтэй, иргэний нийгмийн байгууллагууд ч идэвхтэй үе байв. Улстөрийн намуудад ч шинэчлэлийн хөдөлгөөнүүд, нэгдэн нийлэх процесс үргэлжилж, ардчиллын соёл бадарч байсан цаг шиг санагддаг. Аливаа соёлыг тээгчид нь хүмүүс байдаг атал тэр үеийн ардчилсан үнэлэмж, соёлыг тээгчдийн олонх нь өнөөдөр улстөрийн талбараас “арчигджээ”.
Ковидын хатуу дэглэм дэлхий дахинаа тэртэй, тэргүй дэнжигнэж байсан сул ардчилалд ихээхэн уршиг тарьсан нь Монголыг ч тойрсонгүй, уламжлалт хатуу гарын удирдлагын арга барилыг бүх түвшинд сэргээсэн билээ. Аядуу намдуу ярьдаг зарим улстөрч хүртэл хоолойгоо шахаж ярьдаг болсон юмдаг. Ковидын үеийн сонгуулиудаар судалгаа хийсэн байдаг бол бодууштай, сонирхолтой олон зүйл гарч ирэх байх.
Ингээд 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаад, түүнээс хойш ямар үйл явцууд өрнөж буйг мэднэ. МАН 300 гаруй мянган гишүүнтэй, АН 200 гаруй мянга ч билүү. Эдгээр олон гишүүдийн ядаж 30 хувь нь итгэл үнэмшлээрээ нэгдсэн гэхэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эвлэлдэн нэгдсэн хүрээндээ илэрхийлэх боломж гарахгүй удаж байна. Сонгууль ч, сонгуулийн нэр дэвшүүлэлт сонин болсон. Үүнд бухимдсан хүмүүс сүүлдээ намаасаа, улстөрөөс ч хүнийссэн. Уур нь хүрвэл сошиал дээр стрессээ тайлдаг хэсэг бий болж, улстөр, нийгмийн амьдралд огт оролцдоггүй хүмүүс ч олшров. Хаа нэгтээгээс сошиал дээр шидсэн дуулиан, шуугиан аж амьдралаа тайван авч явах нөхцөлийг ч үгүй болгож, хүмүүсийг хооронд нь дайсагнуулж буй хэтэрхий гажуудсан орчин үе иржээ.
Энэ бүхнийг хэрхэн давах вэ? Гэвэл нөгөө л иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж, хяналттай, оролцоотой байх механизмаа ажиллуулж байж даван туулах гэнэ.
Улстөрийн намыг улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, дотоод ардчилалтай байх, санхүүжилтээ ил тод тайлагнах гэх зэргийг 2019 онд Үндсэн хуулиар зааж өгсөн. Улмаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхэнд хувийн эрх ашгийн өмнө улстөрийн намын эрх ашиг байх тухай тусгаж өгсөн хэрнээ өнөө хэр “амь орохгүй” байна.
УИХ дахь МАН бүлгийн гишүүдээ онооны системээр дүгнэх сонирхолтой журам ч яригдаж эхэлжээ. Нэгдсэн шийдвэрээ дагавал +10 оноо, эсэргүүцвэл -10 оноо өгөх юм гэнэ. Сүүлийн үед тус нам дахь сонгуульт албан тушаалууд дан 100 хувиар сонгогдож буй нь өрсөлдөөн лав алга болсныг илтгэнэ. Ийм байхад гишүүдийнхээ үзэл бодлыг оноогоор хязгаарлах алхам ардчилсан ёсонд лав дэмжлэг болохгүй.
Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний асуудал ч үе үе хурцаар босч ирдэг болов. Үүнд өгдөг ганц хариу нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батална” хэмээх эрх баригчдын амлалт. Саяхан хэвлэн нийтлэх эрх нь зөрчигдсөн “Ноорог медиа”-гийн асуудлаар “Хэвлэлийн хүрээлэн, “Глоб интернэшнл төв”-өөс гаргасан хамтарсан мэдэгдэлд “Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж хувь хүн, байгууллагыг хуулиар далайлган сүрдүүлэх, дарамтлах, залхаан цээрлүүлэх явдлыг эсэргүүцэж байна. Энэ нь Монгол Улсын олон улсын хүний эрхийн үүрэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн хууль зөрчигдлөө” хэмээн өгүүлжээ.
Чөлөөт хэвлэл мэдээллийн зарчим, дүрмийг олон жил сануулж ирсэн эдгээр байгууллагуудын шаардлагыг хэдэн жилийн өмнө бол төрийнхөн, улстөрийнхөн бас ч анзаардаг, айдаг, эмээдэг байлаа. Одоо бол бараг “Чи юу юм бэ” гэх нь холгүй.Хандлага ингэж өөрчлөгдсөн.
Ардчилал бол байцаа шиг олон давхаргат тогтолцоо, түүний гүн дэх шим тэжээл өгдөг хэсэг нь номоороо ажиллахгүй байгаад улстөр сонирхогчид, ардчилалд санаа зовиногсод, улстөрд оролцогсод анхаарал хандуулаасай гэсэн сэтгэлээр үүнийг бичив.