
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат УНТЭ-ийн элэг шижлүүлэн суулгах багтай хамтран мэдээлэл өглөө.
Энэ үеэр УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:
УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь буюу таван хувийг тархины үхэлтэй донороос шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж ДЭМБ үздэг.
Энэ асуудалтай холбоотой бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан Тус алба байгуулагдсанаас хойш нас барсан 270 гаруй хүний ар гэрт санал тавьж, 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн байдаг.
Тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалт гэж байдаг. Яг өнөөдөр бид нарын энэ жагсаалтад нийтдээ 430 хүн бичигдчихсэн байгаа.
Энэ жагсаалт бол цусны бүлэг бүлгээрээ өөр байдаг. Яагаад гэвэл элэг шилжүүлэн суулгахдаа цусны бүлгийг нь бид нар хардаг. Жишээлбэл 0 бүлгийн цустай, 2 дугаар бүлгийн цустай гээд ингээд 4 бүлгээрээ нийтдээ 430 гаран хүн өнөөдөр элэгний үйл ажиллагаа нь эцсийн шатандаа орчихсон амьгүй донороос элэг олдохыг хүлээж байгаа гэсэн үг.
Тийм учраас элэг шилжүүлэн суулгах донор гарахыг хүлээгээд бид нараас амь гуйгаад үр хүүхэд, хамаатан садан бүгдээрээ амьгүй тархины үхэлтэй донорыг хүлээгээд өдөр хоногийг тэвчин ядан өнгөрөөж байгаа.
Тархины үхэлтэй донорын үйл ажиллагаа дөнгөн данган хөгжих замдаа ороод явж байтал Батчулуун эмчийн асуудал гарсан юмаа. Энэ асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор гэдэг асуудал байхгүй болсон. Гэсэн ч 430 хүн маань горьдлого тээсэн хэвээрээ л байгаа.
П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.
Эмч ч гэсэн хүн, эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон. Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.