Х.Баттулга,“Бодь” хоёроос болж Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь дэмжигчдээ алдаж эхлэв үү

 Өчигдөр болсон  УИХ-ын байнгын хорооны хурал дээр  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Гэрээг олон гишүүд шүүмжлэв. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг нар Засгийн газрын хар пиар хэтрээд байгааг хатуухан шүүмжлэв. Мөн Засгийн газар нүүрсний хэргийг ярихгүй, өмнөх нүүрсний балгийн гар, хөл болсон хүмүүсээр гэрээ байгуулах гэж байгааг дэмжихгүй гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:Засгийн газрын пиарыг хийдэг Амундра Нүүрсний сонсголын гэрч

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Засгийн газар нүүрсний хэрэг ерөөсөө ярихгүй байгаа. Нүүрсээ зарах ёстой, Монгол Улс хөгжих ёстой. Гэхдээ нэгэнт тогтоогдсон хулгайчидтайгаа хариуцлага тооцохгүй, одоо хүртэл гар, хөл нь хэвээр байгаа хүмүүсээрээ нүүрсний гэрээ байгуулахыг би дэмжихгүй байгаа. Дахиад хулгай хийнэ гэдэгт би итгэлтэй байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой хамгийн том оффтейк гэрээг хийсэн компанийн захирал А.Амундрагаар Засгийн газар пиараа  хийлгээд сууж байна    Гишүүд юм асуухаар бүлэглэл, мафийн  гар хөл байгаа юм шиг харуулдаг  Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү.

“Чайна Энержи”-гийн хэлэлцээртэй холбоотой Засгийн газар нэг захиалгат нэвтрүүлэг хийж, бүх телевизээр цацлаа. Энийг хөтөлж байгаа хүн нь Амундра. Амундра бол өнгөрсөн онд болсон нүүрсний сонсгол дээр гэрчээр дуудагдсан этгээд. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой хамгийн том оффтейк гэрээг хийсэн компанийн захирал.  Тийм хүн Засгийн газрын пиар хийгээд сууж байгаа юм. Тийм учраас би итгэхгүй байна гэж олон удаа хэлж байгаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улсыг шавар шавхайтай хутгасан Х.Баттулгыг “ардын баатар” болгоход төрийн байгууллагууд өөрсдөө оролцож байгаад эгдүүцэж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Х.Баттулга тэргүүтэй хүмүүс ардын баатар болоод байх юм. Тэр хүнд Монгол Улс ямар өртэй юм бэ, Монгол Улсыг шавар шавхайтай хутгачихаад ямар хэмжээний уучлалыг пиараар нэвтрүүлэг хийж үзүүлдэг юм. Ямар их даварчихсан юм бэ? Төрийн төлөө явж буй хүмүүсийг ямар их хятад цустай болгодог юм бэ.  Ийм юман дээр төрийн байгууллагууд өөрсдөө оролцож байгаад би эгдүүцээд, байн, байн хэлээд байгаа юм. Энэ ашиггүй байдлыг үүсгэсэн хүн шүү. Өнөөдрийн энэ Монгол Улсыг хавханд оруулсан хүмүүс шүү. Үүнээс болоод л ундуй сундуй, болгоомжилсон гэрээний нөхцөлтэй хэлэлцээрүүд орж ирж байгаа шүү дээ. Гишүүдийн яриад байгаа үнэн шүү дээ.Гэхдээ та нарт гарц байхгүй. Хожим нь хэсэг бүлэг хүмүүсээс хэсэг бүлэг нь дүүжлүүлэх юм байлгүй.

Тэгээд нэг ийм том төсөл явуулахдаа харыг цагаанаар будаж өгдөг заваан пиаруудаа болиорой. Зүв зүгээр байгаа хүмүүсийг оролдож “хятад болгодог”, гишүүдийг гарцгүй болгодог заваан технологио болиорой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР, П.САЙНЗОРИГ НАРЫН ҮГЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэнчлэн  “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой хамгийн том оффтейк гэрээнүүдийг 2017-2019 онд “Бодь интернэшнл” ХХК ,”Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн хооронд хийсэн байдаг. Оффтейк гэрээ гэдэг нь “нууц” гэрээ гэсэн үг.

“Бодь интернэшнл” ХХК тухайн үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн болон  нүүрс худалдах гэрээнүүдийг хийж байсан бөгөөд тэр бүхэнд ”Бодь интернэшнл” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Амундра гарын үсэг зурж байсан баримтууд үлджээ.

2022 оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн 9 гэрээг нууцын зэрэглэлээс гаргасны дотор эдгээр гэрээнүүд багтсан.

Нууцаас гаргасан эдгээр гэрээтэйй ЭНД-ээс  танилцах боломжтой.

Тэгвэл   “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра дээрх нууц гэрээнүүдэд “Бодь”-ийг төлөөлж гарын үсэг зурж байсныхаа хувьд, Нүүрсний сонсгол дээр гэрчээр дуудагдаж байжээ. Нэг үгээр, өнгөрсөн жилүүдэд явсан нүүрсний хулгайд ямар нэг хэмжээгээр оролцсон гэсэн үг. Гэвч өнөөдөр А.Амундра Засгийн газрын пиарыг хийх төдийгүй     нүүрсний хулгайг огт ярихаа больсон гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярьсан нь яах аргагүй үнэн үг.

Товчхондоо хэлбэл, нүүрсний мафитай тэмцсэн шударга Ерөнхий сайд амлалтаасаа буцсан харагдана.Ерөнхий сайд, Засгийн газрыг “Бодь” гэж ганцхан компанийн буланд шахаж байгаа буюу холбогч хийж байгаа хүн бол мэдээж Х.Баттулга.

Тиймдээ ч А.Амундра “Нүүрсний гэрч” гэдгээ мартчихсан Засгийн газар+Х.Баттулга=ХҮЧТЭЙ,ШУДАРГА  гэсэн харыг цагаан, хэрээг тагтаа болгох худал суртал ухуулга хийж байгаад УИХ-ын учраа мэдэх гишүүд эгдүүцжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бол Л.Оюун-Эрдэнийн өмнөх танхимын Хууль зүйн сайд. Тэрээр нүүрс дагасан авлига, хулгайн сонсгол зохион байгуулж, Ерөнхий сайдынхаа шударга ёсны тэмцэлтэй хамт гэдгээ илэрхийлж ч явсан удаатай. Гэвч 2024 оны сонгуулийн дараа намууд хамтрахад Л.Оюун-Эрдэнэ “Женко” Х.Баттулга ба “Бодь интернэшнл” тийш хэтэрхий хэлбийснээр дэмжигчдээ алдаж байгааг эндээс харж болохоор.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хувьд яах аргагүй Ерөнхий сайдын фракцын хүн. Тэрээр хотын дарга Х.Нямбаатарыг Хууль зүйн сайд байхаас дагаж явсаар УИХ-д орж ирсэн. Гэвч тэрээр бас Засгийн газар Х.Баттулгын пиарыг хийгээд байгаад эгдүүцлээ.

Эндээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга болон “Бодь” группыг хэт налснаас болж өөрийг нь дэмжиж явсан  УИХ-ын гишүүдээ хүртэл алдаж эхлэв бололтой.

www.gereg.mn сайтын тоймч

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn