
Өнгөрсөн бямба гарагт төв талбайд морьтонууд орж ирж, “Монголоороо байя” жагсаал хийлээ. Тэдний гол шаардлага нь “Дүнжингарав” хаврын морин уралдааныг сэргээх гэнэ. Жагсаалдаа хурдан морь унадаг хүүхэд дагуулж ирээд “Хаврын морин уралдааныг сэргээе. Би хурдан морь унах дуртай” гэж яриулсан нь “Дүнжингарав” уралдааныг сэргээгээд, хахир хүйтэнд хүүхдээр морь унуулья гэсэн санаа.
Шаардлагынхаа хачир болгож, аль ковидын үед эрх баригчдын дураар дургилтын эсрэг шаардлага тавьж байсан “No naadam”, “No Tsagaan sar” зэрэг хөдөлгөөнийг иш татан, “өв соёлд халдах” санаархал гэв.Тэгээд “Монголоороо байя” гэж уриалаад өөрсдийнхөө цэнгэлийн төлөө шийдвэрээ өөрчил хэмээн Засгийн газарт шаардлаа. “No naadam”, “No Tsagaan sar” хөдөлгөөнийг саяхнаас Сүхбаатарын талбай дээр жагсаал хийсэн “Эрх чөлөөний эвсэл” намынхан хийж байсан болохоор давхар тэднийг шүүмжлээд байгаа ч юм шиг.
Сүхбаатарын талбай дээр Улаанбаатарын иргэд жагсаал хийх гэж бөөн юм болдог. Харин морьтон эрсийн жагсаал ямар нэг саад тотгоргүй, зохион байгуулалт сайтай,”Хар сарнай”-ын Амараа,”Никитон” гэх мэт томоохон уран бүтээлчид, дуучидтай болов. Мөн “Монголын залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгч Б.Гэрэлт-Од болон МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоонд байдаг Г.Анархүү нарын залуус оролцсон нь уг жагсаал аль чигийнх гэдгийг хэлээд өгнө.
Ер нь бол өдгөө талбай дээр жагсаж байгаа “Эрх чөлөөний эвсэл” намынхныг “No naadam”, “No Tsagaan sar” хөдөлгөөн өрнүүлснийх нь төлөө эсэргүүцээд өг, хариуд нь “Дүнжингарав” уралдааныг чинь дэмжээд өгье гэсэн тохироо хийсэн мэт уншигдав.
Зарим хүмүүс сошиалд мөн “Ерөнхий сайд Улаанбаатарын газрын наймаагаар нээлттэй сонсгол хийнэ гэсэн. Хариуд нь газрын наймаачин голдуу уяачид хаврын уралдаанаа сэргээхээр жагсав” хэмээн бичжээ. Аль аль нь байж болох хувилбар. Өнөөдөр Монголд засаг, төртэй наймаалцдаггүй томчуудын акц,хөдөлгөөн байхаа больсон хойно.
Морин уралдааны өв соёл үнэхээр уяачдын хэлж байгаа шиг устаж байгаа юу гэвэл тийм биш. Монголын ард түмэн хаа сайгүй зунжингаа наадамддаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд аймаг, сумдын 100 жилүүд болж,улам ч өргөн дэлгэр наадамлаж байгаа. Нэгэнт устаагүй өв, соёлыг “устаж байна” хэмээн хаа хамаагүй,аль хэзээний болоод өнгөрсөн хөдөлгөөнүүдтэй холбож байгаа нь ерөөсөө л өв соёлоо мөнгө болгосон уяач эрчүүдийн хавар бооцоот уралдаанаа хийх санаархал .
Эх сурвалжийн хэлснээр, морин уралдаан болох бүрт морийг бизнес болгосон хүмүүсийн мөнгө эргэж байдаг аж. Моринд хорхойтой,хоббигоо болгоод явж буй хүмүүс жил ирэх тусам мөнгөн дээр эргэлдэх болжээ.
Үүндээ хүүхдийг ашиглаж буй нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил хэмээн олон жил ярьсны эцэст 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 57-р тогтооллоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон билээ.
Хэрэв энэ удаа өв соёлоо сэргээх нэрээр хахирган хаврын цагт морин уралдааныг сэргээж, тэр тусмаа хүүхдээр уралдуулахаар болбол Засгийн газар хүний эрхийн ухралт хийсэн хэрэг болно.
Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн н оролцогч орон болсон. Ингэж олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хурдан морины унаач хүүхэд ялангуяа өвөл, хавар морь унахыг тэвчишгүй хүнд хөдөлмөрт тооцох болсноор уг уралдааныг хориглосон Засгийн газрын шийдвэр гарсан билээ.
Тоо баримт дурдвал, 1996-2019 онд болсон хурдан морины уралдааны үеэр 35 орчим хүүхэд амь насаа алдсан бол 2017-2024 онд 16 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болжээ. 2017-2024 онд нийт 3070 хүүхэд мориноос унасан байна.
www.gereg.mn сайтын тоймч