“Засгийн газар огцор” жагсаалыг эсэргүүцэгчид талбайд гарч иржээ

“Эрх чөлөөний эвсэл” намаас  зохион байгуулж байгаа “Засгийн газар огцор” жагсаал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Уг жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлж буйгаар Засгийн газрыг огцортол буюу энэ сарын 22 хүртэл жагсаалаа үргэлжлүүлэх ажээ.

Уг жагсаалыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эрх ашиг нэгт гэх П.Цагааныг санхүүжүүлж байгаа хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Харин жагсаалын хоёр дахь өдөр буюу ням гарагт “Засгийн газар огцор!” жагсаалтай давхцаад “Ажлаа хий” гэдэг жагсаалынхан гарч иржээ. Тэд жагсаалыг анх зохион байгуулсан Б.Цацрал, Э.Одбаяр нарыг чирч, гулдран, яв зайл гэх зэргээр хөөсөн гэнэ. Тэдний энэ үйлдлийг цагдаагийнхан үл тоосон хэмээн жагсаал зохион байгуулагчид ярьжээ.

Нэгэнт жагсаал зохион байгуулж буй далимаар утаа, түгжрэл, татвар, зам, автомашины дугаар олголтын хязгаарлалт зэргийг эсэргүүцсэн нийслэлийн иргэд ч очиж үгээ хэлж,тэмцлээ илэрхийлсэн нь жагсаалын нэг өнгө төрх байлаа. Энэ бүхнийхээ төлөө Засгийн газрыг огцрох нь шударга ёсонд нийцнэ хэмээн иргэд үгээ хэлсэн.

Тэгвэл гурав дахь өдөр буюу өнөөдөр “Эрх чөлөөний эвсэл”-ийнхэнтэй зэрэгцээд “Уран олборлохыг хоригло”, “Урвагч УИХ-ын гишүүд огцор”, “Гадны тусгай албадын ажилтнууд зайл”, “Монголыг Украйн болгохгүй шүү”,  “Элбэгдорж,Цагаан нараас санхүүжилт авч жагсаал хийж байгаа биз дээ” гэх зэрэг лоозон барьсан хүмүүсээр бүл нэмжээ.

Хэдийгээр Монгол жагсаж, цуглах эрхтэй ардчилсан орон боловч тодорхой хэсгийн эрх ашгууд эрх мэдлийн төлөө “тулалдаж” байгааг Сүхбаатарын талбай дээрх жагсаалын хэд хэдэн өнгө төрхөөс харж болохоор байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn