Улс төрийн тойм: Монголын улстөр нэг бүлэглэлийг сарниагаад, дараагийн бүлэглэлийг гаргаж ирдэг мафитай киноны зарчмаар явж байгаа мэт үйл явдлууд ар, араасаа өрнөж байна.
2017 оноос хойш МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгээр явсан. Ингээд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадад, харин тэдний луйвардаж авсан гэх өмч хөрөнгийн бэлгэ тэмдэг болсон “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын овоолго дээр найз П.Цагаан нь сууж, маргааны бай болж байна.
Улмаар П.Цагаан хууль, хяналтын байгууллагын зарим хүмүүстэй нийлж, хамтарсан Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулж байгаа гэнээ. Энийг хэн ч батлаагүй, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлсэн юм. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр жагсаалын ард П.Цагаан байгаа гэж таамагласан ч байж болно, эсвэл хууль, хяналтын байгууллага мэдээлэл өгсөн байх. Эсвэл МАНАН-г Монголоос үсгүй “хусаж” байж өөрөө оронд нь эзэн суух хүсэлтэй “Женко” хэмээх Х.Баттулгын захиасаар хэлсэн байж магадгүй.
Гурван намын хамтарсан Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж буй жагсаал маргааш болно. Ерөнхий сайдын хэлсэнчлэн уг жагсаалын ард Ц.Элбэгдоржийнхон байгаа бөгөөд Украйны далбаа барьж жагсдаг “Эрх чөлөөний эвсэл” намын дарга нарыг Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл ч цацагдав.
Ардчилсан улс орнуудад үнэхээр муу ажиллаж байгаа Засгийн газрыг огцруулахаар иргэд эвлэлдэн нэгдэж жагсах нь хэвийн зүйл. Хаанаас, хэн зохион байгуулж байгаагаа зарлаад жагсах нь ч элбэг. Харин Монголд ардчилал ажиллахаа болиод удаж буй. Улстөр,эдийн засгийн өмнөх МАНАН бүлэглэл, түүний оронд ямар нэг бүлэглэл болон өндийх хүсэлтэй Х.Баттулга нар ардчиллын хэвийн, эрүүл механизмуудыг устгах бүх зүйлийг хийж, өнөөдөр сөрөг хүчингүй “ардчилсан” Монгол болсон. Ардчилал гэдэг харилцан хянасны үр дүнд амьд байдаг зүй тогтолтой.Үүний тулд сөрөг хүчин бүтээлч, амьд үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай. Харин Монголд өөр. Тэгээд нэгэнт үүссэн нөхцөл байдалд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүлэглэлүүдийн талцлын улмаас гацсан хөгжлийн төслүүдээ хөдөлгөж эхэлсэн.
Хамтарсаны хүчинд гацаанаас гарсан хамгийн анхны төсөл бол БНХАУ-тай холбогдох төмөр замын төсөл.Өнгөрсөн оны 11-р сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдуудын хамт БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын холболтыг хийхээр тохиролцсон нь улсаа боддоггүй, шуналдаа дийлдсэн Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт өгсөн хөгжлийн төлөө “шанаа” байв.
Нэгэнт хамтарсан Засгийн газрыг огцруулах дайралт, шаардлагууд янз бүрээр өндөрсөж байхад Засгийн газар юу хийсэн, яасан ийснээ ярьж, олон нийтэд ойлгуулах нь зүй ёсны асуудал. Гэтэл энэ завсар дахиад л Ц.Элбэгдорж, дахиад л “Женко” Х.Баттулга орж ирж, оролцож буй нь хамгийн эхэнд дурдсан мафитай кино шиг явдал болж байна.
Чухам төмөр замын хил холболтын хэлэлцээрийг амжилттай хийсэн учраас Ц.Элбэгдоржийнхон Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж байна хэмээн Л.Оюун-Эрдэнэ өөрөө мэдэгдэв. Учир нь төмөр замын төслөөр дамжуулан Ц.Элбэгдорж Тавантолгой ордыг авахаар санаархаж байсан гэнэ. Гэхдээ энэ санаархал гэдэг нь аль 10-аад жилийн өмнөх явдал.
Хамтарсан Засгийн газар хийсэн, бүтээснээ ярьж, олон нийтэд ойлгуулах нь зүй ёсны асуудал. Гэтэл сайд нарын яриатай зэрэгцэн “Женко” Х.Баттулгын “эх орончийг магтан дуулсан” пиарын нэвтрүүлгийг Ерөнхий сайдын пиарын баг нь хийж цацав. Ийм эгзэгтэй үед, чухам Х.Баттулгаас болж Засгийн газар, Ерөнхий сайд руу гал орж ирж байхад нэг буруутныг нь “эх оронч” болгох гэж зүтгэх нь органик дэмжигчдээ хүртэл алдах эрсдэлтэй алхам баймаар. Гэхдээ үүний ард бас л шантааж, шахаа явж байх магадлалтай.
Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа бүх л талаар урд хөрштэй хиллэх төмөр замыг гацаасан гэх муу нэр Х.Баттулгад үүрд хадгалагдсан. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа монголчуудаас үүнийг нуух ч аргагүй.
Тэгээд яасан гэхээр бас л Ерөнхий сайдад шахалт үзүүлсэн байх. Юу гэвэл, “Би чамайг хамгаалья, чи миний нэр төрийг цэвэрлэ” гэж шахалт үзүүлсэн болов уу.
Тэгээд л хөөрхий, пиар хийдэг гэх хүмүүс нь аргаа барж, сайдуудын яриан дундаа Х.Баттулгыг оруулж, “Эх оронч”-ийн дүр зүүв.
Х.Баттулга яаж ч нүүрээ угаагаад төмөр замыг гацаасан нэр нь арилахгүй. Учир нь түүний барьсан 280 сая ам.долларын далангийн хэрэг маргаан шударгаар шийдэгдээгүй, хэзээ нэг өдөр шийдэгдээсэй гэх хүлээлт ч олны дунд бий. Үнэхээр тэр 280 сая ам.доллар зориулалтын дагуу зарцуулагдсан уу гэх асуултын хариу ч гараагүй.
Түүний Солонгосын компаниар бариулсан далан дээр “Бодь” групп өргөн төмөр зам барьсан бөгөөд урд хөрштэй заавал нарийн царигаар холбогдох тул дахин хил холболтын төмөр зам яригдаж байгаа нь энэ.
Төмөр зам барихад хил холболтын цэг хамгийн чухал. Гэвч үүнийг тооцоолоогүй эх оронч бус үйлдэл гаргасны улмаас Монголоос урд хөрш рүү явах нүүрсний зам одоо хэр шийдэгдээгүй, улмаар хил холболтын 14 км төмөр замыг тавихад дахин 270 сая тонн нүүрсний өртөг яригдаж буй. Хайран мөнгө байгаа биз.
Өнөөдөр Х.Баттулга нарын өгч байгаа мэдээллээр бол, Тавантолгой ордын 51 хувийг “Энержи ресурс”, 49 хувийг Хятадын “Чайна энержи” авах тохироогоор төмөр замын төсөл 20 шахам жилийн өмнө яригдаж байжээ. Гэрээ нь ч байгаа гэнэ. Гэвч гэрээ нь ил гараагүй болохоор энэ бол баталгаагүй мэдээлэл.
Нэгэн цагт МАНАН гэгдэх бүлэглэлийн ивээлд явсан “Энержи ресурс” илт давуу эрх эдэлж явсан нь үнэн. Ч.Сайханбилэг нар оролцож явсан нь ч үнэн.
Тэднийг эсэргүүцэхдээ Х.Баттулга тухайн үед “Нарийн царигтай төмөр зам баривал Хятадууд танк, танкаар цэрэг оруулж ирээд Монголыг эзэлчихнэ” гэж ярьж, массын толгойг эргүүлж байсан нь ч үнэн юм.
Одоо түүнийгээ мартчихсан “эх орончийн” үлгэр зохиож, залууст ажил хийх боломж олгохгүй шантаажилж явна гэдэг өөрөө гутамшиг.
Тиймээс өнөөдөр Монголын улстөрд сарниж яваа Ц.Элбэгдоржийн МАНАН ч хэрэггүй, сарнихгүй гэхдээ залуусыг шантаажилж яваа “Женко” Х.Баттулга ч хэрэггүй. Энэ хоёр бол Монголын хөгжлийн бэтгэ, хатиг хоёр.