Нийслэлийн сонгууль: Хуурамч өрсөлдөөн

Улиран одож буй 2024 он монголчуудын хувьд хөгжих, эс хөгжих, ардчилсан зарчмаар урагшлах, ухрахыг шийдэхүйц онцлогтой  улстөрийн сонгуулиудын жил байлаа.

www.gereg.mn сайт Монголын улс төрийн 2024 оны алдаа, оноог есөн сэдэвт багцлан аль болох үнэнээр, нэмэр хачиргүйгээр тоймлон хүргэхийг зорилоо.

Энэ удаагийн сэдэв Нийслэлийн ИТХ-ын сонгууль. 

УИХ-ын сонгуулийн дараа эрх баригчдын “халуун хөнжил”-д шургалж орсон АН, ХҮН намууд нийслэлд лав орон нутгийн сонгуульдаа “бууж өгсөн” гэхэд болно. Ил, цагаанаар бууж өгөөгүй ч намын дарга нар нь сонгуулиар гарч ирээгүй, ганц үг хэлээгүй нь үүний илэрхийлэл. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр 45 суудлын 40-ийг нь МАН авч, 5-ыг нь АН авав. МАН нам доторх жижиг бүлэглэлүүдийнхээ тохироон дээр нэр дэвшигчээ тодруулахдаа олонхийг нь Хотын Засаг дарга Х.Нямбаатар мэдэж нэр дэвшүүлсэн. Харин АН-ын нэр дэвшигчдийг  “Женко” Х.Баттулга мэдэж шийдсэн. Тухайлбал, Х.Баттулгын ахын хүү, Баттулгын хэвлэлийн төлөөлөгч, Х.Батулгын талд ажилладаг сэтгүүлчид, Х.Баттулгыг дэмжиж өрсөлдөгчдийг нь шантаажилж лайвддаг лайвчид нэр дэвшсэн нь “Сонгуульд ямар хүмүүс нэр дэвшдэг болчихсон юм бэ” гэх асуултыг тавихад хүргэсэн. Тэгвэл энэ бол Иргэдийн хурлыг бүрдүүлэх улс төрийн хүний нөөцийг бэлддэг намууд ажлаа хийхээ больсны илрэл байлаа.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хотын Засаг дарга Х.Нямбаатар нарын АН дахь түшиц гол хүн нь “Женко” Х.Баттулга учир өрсөлдөөн мэдээж хуурамчаар өрнөсөн. Хэдийгээр Х.Нямбаатар “Женко”-гийн лайвчид хийсэн ажил бусниулж байна гэх зэргээр өөрөө бас лайвдаж байсан ч сонгуулийг өрсөлдөөнтэй мэт харагдуулах гэсэн заль мэхээс өөр юу ч биш байлаа.

Ганцхан нийслэлийн сонгуулиар жишээлэхэд л улс төрийн намууд дампуурсан, улс төр тоглоомны болсон нь харагдана.

Цаашид намууд дотоод ардчилалтай болж шинэчлэгдэхгүй бол Монголын ардчилал дампуурах тийшээ явж байна.

 www.gereg.mn сайтын редакц

2024 оны улс төрийн онцлох: 

Анхны 126 гишүүнтэй УИХ-ын сонгууль: Алдаа,оноо

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР: Хөгжил урагшаа, ардчилал хойшоо  

Намууд нам жим болов

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn