Улиран одож буй 2024 он монголчуудын хувьд хөгжих, эс хөгжих, ардчилсан зарчмаар урагшлах, ухрахыг шийдэхүйц онцлогтой улстөрийн сонгуулиудын жил байлаа.
www.gereg.mn сайт Монголын улс төрийн 2024 оны алдаа, оноог есөн сэдэвт багцлан аль болох үнэнээр, нэмэр хачиргүйгээр тоймлон хүргэхийг зорилоо.
Цуврал сэдвийн энэ удаагийнх 2024 онд улс төрийн намуудын дотоод ардчилал хумигдаж, нам жим болсон тухай онцоллоо.
Дарангуйлагч улсад нэг нам, эсвэл нэг, хоёр хүн тод дүр байдаг бол ардчилсан улсад ИНСТИТУТҮҮД тус тусын үүргээ гүйцэтгэж байж харилцан хяналттай, харьцангуй шударга засаглал оршин тогтнох боломжтой байдаг. Институтүүд гэдэг нь парламент, улс төрийн нам, Засгийн газар, шүүх, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл гэх мэт. Парламентын засаглалтай улсын хамгийн гол чухал, ардчиллын багана болсон институт бол улс төрийн намууд юм.
Тиймээс бид 2024 оны “улс төрийн жил”-д намуудын дотоод ардчилал хумигдаж, сонгуулиас хойш үйл ажиллагаа нь бүр ч нам жим болсон онцлох сэдвийг онцолж байна.
2019 онд улстөрийн намын гурван ч заалт Үндсэн хуульд орсон.
- Нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
- Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.
- Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.
Эдгээр гурван заалтыг Үндсэн хуульд оруулснаар улстөрийн намыг ардчиллын тулах багана гэдгийг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх, хөгжүүлэх ажлыг хийе гэсэн санаа. Улмаар Үндсэн хуулийн дээрх заалтуудыг амилуулж, Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн баталсан. Уг хуулиар улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх, ил тод болгох, дотоод ардчиллыг хангах зэрэг олон чухал заалт батлагдсан. Гэвч одоогоос сар орчмын өмнө уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан. Хойшлуулж буй шалтгаанаа тайлбарлахдаа “Гурван нам хамтарч улсаа хөгжүүлэхээр нэг засагт орсон тул намтай ноцолдож байх завгүй” гэв. Хоёр дахь шалтгаан нь, “Хэдүүлээ улстөржихгүй улсаа хөгжүүлье” гэх шалтгаан.
Харин цаад шалтгаан нь ялангуяа МАН хурлаа хийвэл эрх мэдэлтнүүдэд халтайд оршино. Аягүй бол намын даргаа огцруулах асуудал ч хөндөгдөх учраас намын хурлыг хойш тавьж, нам жим, ямар нэг хяналтгүй засаглахыг хүсчээ.
Гурван намын хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт С.Зориг агсны хэлсэнчлэн эрх ашгийн эрэмбэ дарааллыг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар шигтгэж өгсөн.
Тэр эрэмбэ дараа нь, нэгдүгээрт, улсын эрх ашиг, хоёрдугаарт, улс төрийн намын эрх ашиг, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгосон.
Хамтарсан Засгийн газар улсын эрх ашгаа нэгдүгээрт тавьж улсаа хөгжүүлье гэхдээ жишээ нь, 13 мега төслөө иш татан тайлбарлаж, мэдээлж буй. Тэгвэл парламентын ардчиллын суурь болсон намуудын дотоод ардчиллыг хэн ярьж, хэн түүнд оролцох вэ?
Энэ оны сүүлээр улс төрийн намууд Их хурлаа хийх байсан ч хойшлов. МАН-аас эхлээд ядаж Бага хурлаа хийх болов уу гэсэн ч хойшилжээ.
2024 онд хэдийгээр улс төрийн жил байсан ч улс төрийн намууд дотоод ардчилалгүй болов, улмаар сүүлдээ нам, жим болов. Монгол Улс цаашид ардчилсан засаглалтай байя гэвэл энэ сайны цондон лав биш. Сонгуулиас хойш төрийн албан тушаалын томилгоонууд ганцхан шалгуураар явагддаг болсон нь аль нэг бүлэглэлийн “босс”-ын таалалд нийцдэг хэн нэгэн байх. Өөрөөр хэлбэл, намуудын оронд жижиг бүлэглэлүүдийн наймаан дээр Монголын төрийн бүх ажил явагдаж байна.
www.gereg.mn сайтын редакц
2024 оны улс төрийн онцлох: