УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” тухай хуулийн төслийг санаачилсан ч олон нийтээс болон нэр бүхий улстөрчдийн зүгээс (Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын талынхан) эсэргүүцсэнээр хуулийн төслөө буцаан татаж байгаагаа өнөөдөр мэдэгдэв. Уг хуулийн төслийг энэ сарын 18-нд УИХ-д өргөн барьжээ.
Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөр нэг хуулийн төслийг энэ сарын 19-нд өргөн барьсан нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг төслөөр дараах өөрчлөлтийг хийхээр тусгажээ.
Үүнд:
- Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан Засгийн газар тогтоох;
- Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох асуудал нь цаг хугацааны хувьд төсөв батлагдсаны дараа буюу ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсоны дараа шийвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлах;
- Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах урьдчилсан зөвшөөрлийн хүсэлт гаргахад тухайн ажлын байрыг нийтэд ажлын 14 өдөр зарласан байх зохицуулалт нь хүндрэлтэй байгаа тул дээрх хугацааг хүчингүй болгох;
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх” гэж заасны дагуу Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар хуулийн этгээдээс бичгээр шаарддаг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг мэдээлэл хариуцагч төрийн байгууллага хооронд цахимаар солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор цаасан лавлагааг “цахим лавлагаа” болгон өөрчлөх;
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 23.10 дахь хэсгийн “Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэхээр тус тус тусгасан.
“Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” хэмээн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын өргөн барьснаас илүү бүрхэг ч гэмээр заалттай, гэхдээ бүх эрх мэдлийг Засгийн газарт өгөх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьсан төслийг УИХ хэлэлцэх бололтой