Энэ удаагийн сонгуулийн нэг гол өрсөлдөөн өмнөд бүсэд болно. Уг бүсэд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгууд багтаж байгаа. Долоон мандаттай тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн, “Түгжрэлийн” сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ө.Золбар нар нэр дэвшсэн.
Харин АН-аас Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Мөнхбат, Л.Одсэр, Н.Энхбат нар нэр дэвшээд байна.
Хоёр гол намаас нэр дэвшсэн эдгээр хүмүүсийн хооронд гол өрсөлдөөн болох нь тодорхой.
Гэхдээ хамгийн гол өрсөлдөөн сайд Б.Дэлгэрсайхан, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарын хооронд болох нь. Л.Мөнхбаясгалан АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын квотоор нэр дэвшсэн.
Мөн нүүрснийхний хооронд ч томоохон мөнгөний “зодоон” өрнөнө.
“Өмнөговийн бэр” гэсэн хамааралтайгаар нэр дэвшиж буй сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэр дэвшихдээ “АН-аас УИХ ын сонгуулийн 7-р тойрог буюу говийн бүс Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад нэр дэвших мандатаа өвөртөллөө. Одоо жинхэнэ тулаан эхлүүлнэ ээ. Миний нэр дэвших тойрогт мөнгөн бороо орох биз. Говьд мөнгөн бороо биш тэнгэрийн хур буух учиртай сан. Сү. Батболд мултарч Борхүүгийн Дэлгэрсайхан дэвшжээ. Дорнын говийн Б.Дэлгэрсайханыг дошин дээр нь дарж авахын төлөө үзнэ дээ” гэж цахим хуудастаа бичсэн.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа хамгийн баян гишүүдийн нэг Сү.Батболдод мандат өгөөгүй. Байнга л офшор, гадаад улсад хаус, шилтгээнтэй хэмээгддэг Сү.Батболд шахагдсан. Гэхдээ түүнээс дутуугүй баян, офшорт данстай гэгддэг “Болд төмөр Ерөө гол” компаниараа Сэлэнгээс төмрийн хүдэр гадагш гаргадаг Б.Дэлгэрсайхан нэр дэвшээд байна.
Б.Дэлгэрсайханыг Монголын төмрийн хүдрийг их л сэжигтэй байдлаар зөөдөг, хятадын том дарга нартай холбоотой гэлцэх нь бий. Түүнд өрсөлдөгч үгүй болохоор тэрхүү хүдэр гаргадаг ажиллагаа нь нууцлал сайтай гэх нь ч бий. Уг нь Сү.Батболдтойгоо хамт улстөрөөс явах ёстой хүмүүсийн нэг ч гэлцэж буй. Тиймээс л түүнийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан амлан авч байгаа хэрэг.
Үүнээс гадна Өмнийн говьд нүүрсчдийн тэмцэл явагдана. Энэ тухай дараагийн цувралаар хүргэнэ.
www.gereg.mn сайт