“Mongolia Mining 2021” үзэсгэлэн 10 дахь жилдээ өнөөдөр нээгдэнэ

Монголын хамгийн том, олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн “Mongolia Mining 2021” арав дахь жилдээ өнөөдөр нээгдэнэ. Энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах тус үзэсгэлэнд тогтмол оролцогч түнш орнууд болох Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг зохион байгуулагчид мэдээллээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлоод байсан тус үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг билээ.

Энэхүү үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулж, салбарын компаниудын илтгэл тавигддаг.

Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байгаа билээ.

Монголын уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр  “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Алтан ивээн тэтгэгч”-ээр “Жиндиншин” ХХК, “Хера Экуйпмент” ХХК, “Новел” групп, “Мөнгөн ивээн тэтгэгч”-ээр “Цбон” ХХК, “Соёолон Интэрнэшнл” ХХК, “Соёолон Инженеринг” ХХК, “Юнайтед  Белаз  Машинери” ХХК,  Ивээн тэтгэгч банкаар Худалдаа Хөгжлийн банк  ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn