“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томилжээ

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2020 онд зарласан. Сонгон шалгаруулалтаар томилогдсон хоёр хүний нэг нь З.Ган-Очир юм. Тэрбээр “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээр, “Эрдэнэс Оюутолгой” компанийг чадавхжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.

Түүний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болжээ. Н.Цэрэнбатын хувьд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар 2021 онд томилогдсон билээ.

Томилогдсоныхоо дараа Оюутолгой компанитай хамтарсан Засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хамт өр төлөх, Дубайн гэрээг цуцлах ажилд гар бие оролцсон нэгэн. Тиймээс ч түүнийг энэ удаад Засгийн газар, Оюутолгойтой “хамтрах” ажилд томилолсон бололтой.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn