Ч.Хүрэлбаатар: Ам.долларын нөөц 4.4 тэрбумаас 2.4 болж буурсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн,Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2023 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Улсын төсөв Монгол Улсын эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай гарсан. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт.

Монгол Улсын эдийн засгийн салбарууд ямар байдалтай байна вэ гэдгийг судалсан. Уул уурхай, тээвэр, барилга, худалдаа, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудыг авч үзсэн. Урд хөршийн “Тэг-Covid-19″ бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбарын үйлдвэрлэл уналттай харагдаж байгаа. Гэхдээ ирэх онд эргэн өснө гэж үзэж буй. Экспортын хэмжээг авч үзвэл цар тахлын өмнөх хэмжээнд буюу 2019 оны түвшинд хүрээгүй байгаа.  Ирэх онд цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэх бодлогыг барина.

Гадаад валютын нөөц дундарсан. Энэ оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдөр 2.4 тэрбум ам.долларын нөөцтэй болсон.

Цар тахлын өмнөх түвшинд экспортын хэмжээг аваачихгүй бол валютын нөөц буурах эрсдэл хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн долоо хоногт түр зуурын арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд экспортын хэмжээ нэмэгдэж буй. Зарим долоо хоногт 150 мянган тонн нүүрс экспортоор гарч байгаа бол заримдаа 160 мянган тонн гарч байна. Тооцооллоор долоо хоногт 120 мянган тонн нүүрс гаргавал үлдсэн 100 хоногт нэг тонн нүүрсийг 150 ам.доллараар үржүүлж 1.8 тэрбум ам.доллар олох боломжтой. Гэтэл экспорт нэмэгдсэн ч валютын урсгал бага байгааг авч үзвэл урьдчилаад зарсан нүүрсний гаргалтууд их байгаа учраас он дуусах хугацаанд Засгийн газраас түр зохицуулалт хийж, мөнгөө төлсөн нүүрсээ түлхүү гаргах бодлогыг хэрэгжүүлж дуусч байна. Ингэснээр валютын нөөцийн уналтыг зогсоож, ханш тогтворжуулах боломжтой гэж үзэж байна.

Мөнгөний нийлүүлэлт ялгаагүй буурч байна. Нийт 28 их наяд төгрөг байсан бол 26.9 их наяд төгрөг байна. Арилжааны банкуудаас гаргаж байгаа зээлийн хэмжээ нэлээд буусан. Зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр сарын хугацаанд тасралтгүй буурч байгаа. Өрхүүдийн бодит орлого буурч байгаа учраас бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс иргэд хадгаламжаа хэрэглээндээ гаргаад эхэлсэн дүр зурагтай байна. Хадгаламжийн хэмжээ бараг гурван их наяд төгрөгөөр бууж, эдийн засгийн байдал амаргүй байгааг  илтгэж байна.

Энэ удаагийн эдийн засгийн хямрал удаан үргэлжилж байгаа. Өмнөх 2008, 2009 оны хямрал 2-3 жил үргэлжилж байсан бол энэ удаа цар тахал, дэлхийн геополитикийн асуудалтай холбоотой хямрал илүү урт хугацаанд үргэлжилж байна. Үндсэндээ улсын эдийн засгийн өсөлт саарч, инфляци инфляци өсч, стагфляци болж байна. Хамгийн түрүүнд гаргах бодлого нь эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хатуурч, төсвийн бодлого чангарна. Үндсэндээ төсвийн алдагдлыг бууруулна. Энэ онд батлагдсан төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээ 5.1 гэсэн бол 2023 онд төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөг буюу 900 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-д эзлэх хувийг 2.8 хувь болгож байгаа. Энэ нь эдийн засгийг тогтворжуулахад чухал арга болно.

Монгол Улс алийн болгон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулахгүйгээр түүхийгээр экспортолсоор байх вэ. Тэгэхээр бү шатанд боловсруулах үйлдвэрлэлийг нэг шатаар нэмэгдүүлэх бодлогыг барина. Үүнд хугацаа шаардагдана. Бас ЗГХЭГ-ын дарга төр бизнесийн үйл ажиллагаанд бага оролцоно гэдгийг хэлж буй. Тэр дундаа хүнс хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалыг онцгойлон дэмжихээр хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, даатгалын тогтолцоог сайжруулахад холбогдох татварын бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл санхүүжилтын эх үүсвэрийн хомсдолыг эргэн харж, том бодлого хэрэгжүүлье гэсэн юм.

Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг нэг их тусгахгүйгээр оруулж өгсөн. УИХ-аас баталсан хөгжлийн төлөвлөгөөтэй бүрэн нийцсэн хөрөнгө оруулалтын бодлогыг оруулсан” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn