ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ мэдээлэл хийх үеэрээ ирэх оны төсөвт тусгагдах зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлд:
Ахмадын тэтгэврийн зөрүүг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг мөр арилгах тооцооллыг хийж, Сангийн яам дэмжээд байна.
Цаашид инфляцийн түвшингээр тэтгэврийг жил бүр нэмэгдүүлдэг болно.
Тэтгэврийн шинэчлэлийн чиглэлд:
Тэтгэврийн төвлөрлийг сааруулах хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх хуулийн төслийг боловсруулж дууслаа. Дунд насны даатгуулагчид маань зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг бус нэмэлт хувийн тэтгэвэр авдаг болох тогтолцоо бүрдэнэ.
Цалингийн шинэчлэлийг чиглэлд:
Нэгдүгээрт, төрийн албан хаагчид ажлын үр дүн , гүйцэтгэлд чиглэсэн цалин хөлсний урамшууллын тогтолцоонд шилжиж, хууль эрхзүйн хүрээнд бий болгоно. Хоёрт төрийн албанд ажиллаж буй залуучуудыг дэмжиж, тогтвортой ажиллуулах чиглэлийг баримтална. Төрийн албан хаагчид зургаа жил ажиллах хүртлээ ямар нэгэн нэмэгдэл авдаггүй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төрийн албанд ажилласан жил бүрийг нь үнэлж нэмэгдэл олгоно. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг дэмжих, хөдөө орон нутгийн нэмэгдэл олгодог болгоно. Эдгээр шинэчлэлийн хүрээнд төрийн албаны цалин нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөжээ.