Татвар төлөгч та бүхэндээ талархал илэрхийлье

Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ ирээдүйн төлөө бодит хувь нэмэр оруулж буй татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, ирээдүй, хойч үеийнхээ эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ.

Нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж, хуулийн хугацаанд татвараа төлсөн нийслэлчүүд та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2022 онд 1.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрч, нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжин цэцэглэж байна.
Нийслэл хотын ажил өөдрөг, өнгөлөг, бүтээмжтэй байхад иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн дэмжлэг, оролцоо чухал. Тиймээс та бүхэндээ талархахын ялдамд төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна.
Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn