С.Баярцогт: МАН болон хэн нэгэн хүний захиалгаар улс төрд эргэж ирээгүй

Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал болж байна. Зарим хүн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа энэхүү хурлын үеэр тус намын гишүүд үзэл бодлоо илэрхийлж байна.

Тухайлахад, АН-ын гишүүн С.БАЯРЦОГТ “Анх удаа хоёр талд байгаа АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдийн 3/1 саналаар хуралдаж байна. Ардчилсан нам маш удаан хугацаанд намыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй субьект буюу намын дарга байхгүй байгаа. Үүнийг Дээд шүүх долоон удаа нотолсон.

Тийм учраас анх удаа бүх гишүүд хуралдаж намд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх мөн хоёрдугаарт, намын их хурлыг зарлах, гуравдугаарт намын даргад нэр дэвших, сонгох журмаа батална.

Намын үндсэн дүрэмд ээлжит хурлыг намын дарга, Үндэсний бодлогын хорооны дарга, улс төрийн зөвлөл зарлах эрхтэй байдаг. Харин ээлжит бус хуралдааныг намын дарга, Үндэсний бодлогын хорооны дарга ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1-ийн шаардлагаар зарлах эрхтэй байдаг. Үүнийг 14 хоногийн дотор зарлах ёстой. Одоогоор бол Ардчилсан намд намын дарга болон ҮБХ-ны дарга байхгүй. Тэгэхээр дүрмийн дагуу хамгийн ахмад дэд дарга хурлыг зарлах эрхтэй.

Сүүлийн 2.5 жил АН дотроо маргаантай байсан. Намыг итгэмжлэн төлөөлөх субьект байхгүй, хоёр талдаа ҮБХ гаргаж удаан хугацаанд явж байна. Тиймээс одоо бол гишүүд төөрөлдөж байгаа учраас намыг нэгдсэн үйл ажиллагаатай болгохыг хүсч байна.

Түүнээс хэн нэгэн хүний дор байхыг хүсэхгүй байгаа. Нам гэдэг олон нийтийн эвлэлдэн нэгдсэн байгууллага. Хэрэв эвлэлдэн нэгдэж чадвал асуудлыг шийдэх бүрэн чадамжтай хүчин. Би парламентад таван удаа сонгогдож, дөрвөн Ерөнхий сайдтай таван Засгийн газарт ажилласан. Тэгэхээр хэн нэгний захиалгаар, хэн нэгний хүсэлтээр ажилладаг жижигхэн улстөрч биш. Намынхаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй улстөрч.

Намын дарга батлах журам гарсны дараа нэр дэвших эсэхээ шийднэ. Намын дүрмээр үндсэн шаардлагыг хангаж байгаа хэн ч намын даргад нэр дэвших эрхтэй.

Би 24 настайдаа анх Үндсэн хууль батлалцаж, хамгийн залуу төрийн түшээ болж байсан хүн. Тэгэхээр улс төрийн үйл ажиллагаанд анхнаасаа өөрийн сэтгэл зүрхээр оролцож, хандаж ирсэн.

240 мянга гаруй залуусыг төлөөлж Монгол Залуучуудын холбооны парламентад сууж байсан. Тиймээс МАН болон хэн нэгэн хүний захиалгаар улс төрд эргэж ирээгүй. Үндэсний бодлогын хорооны гишүүд болон намын нийт гишүүдийн хүсэлтийг АН-ын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар энэхүү хуралдааны үйл ажиллагааг эсэргүүцэхгүй, дэмжих ёстой. АН хүчтэй сөрөг хүчин байх нь Монгол Улсын тусгаар тогтнолд чухал үүрэгтэй” хэмээсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn