Спортод хүйтэн дайны үеийн уур амьсгал эргэн ирэв үү

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүх дэлхийн найрамдлын тоглолтыг 2024 онд Москва, Екатеринбург хотуудад зохион байгуулах зарлиг буулгажээ- 

Хэд хоногийн өмнө Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны гүйцэтгэх зөвлөл ОХУ-ын Олимпын хорооны үйл ажиллагааг дараагийн мэдэгдлийг хүргүүлэх хүртэл шууд түдгэлзүүлсэн. 2022 онд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш ОХУ-д хууль бусаар хавсаргасан Украины дөрвөн нутаг дэвсгэрийн бүс нутгийн байгууллагуудыг Оросын олимпын хороо хүлээн зөвшөөрсний дараа ийм алхам хийсэн юм.

ОУОХ “Олимпын хартийг зөрчсөн, учир нь энэ нь Украины Үндэсний Олимпын Хорооны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна” гэж мэдэгдсэн юм.  Ийм шийдвэрт хүрснээр “Үндэсний Олимпын Хорооны хувьд цаашид ажиллах эрхгүй” бөгөөд “Олимпын хөдөлгөөнөөс ямар ч санхүүжилт авах боломжгүй” гэсэн үг аж. Энэ нь Оросын Олимпын хороо Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын Олимпын зөвлөлийг гишүүнээр элсүүлсэнтэй холбоотой юм.

“Энэ шийдвэр нь Украины үндэсний Олимпын хорооны бүрэн эрхт байдлыг зөрчиж байна” гэж М.Адамс мэдэгджээ. Украины дээрх бүс нутгуудыг ОХУ өөртөө нэгтгэснээ зарласан билээ.  Аравдугаар сарын эхээр Оросын Олимпын хороо ОУОХ-ны эсрэг Швейцарын шүүхэд нэхэмжлэл гаргаж, найман сая ам.доллар шилжүүлэхийг шаарджээ.

ОУОХ олимпын наадмуудын маркетингийн түншүүдээс хүлээн авсан сурталчилгааны мөнгөнөөс яг ийм хэмжээний мөнгийг шилжүүлэх ёстой байсан гэж Оросын Олимпын хороо үзэж байгаа аж.  Халдлагын дараа ОУОХ анх ОХУ-д хориг тавиагүй ч 2015 оны арваннэгдүгээр сараас хойш ОХУ-ыг төрөөс санхүүжүүлсэн допинг илэрсэн тул спортын тэмцээн уралдаанд өөрсдийн туг, далбаан дор оролцохыг хориглож байсан.

Улмаар Гуравдугаар сард ОХУ-ын допингийн хоригийг цуцалсан боловч Дэлхийн хөнгөн атлетикийн зөвлөл Украины дайны улмаас тус улсыг ойрын ирээдүйд хориглох шийдвэр гаргасан. Халдлага эхэлснээс хойш ОУОХ Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан далбаан дор тэмцээнд оролцохыг хориглох шахалтад байнга шахалт үзүүлж ирсэн. Гэхдээ гуравдугаар сард спортын холбоодод эдгээр улсын тамирчдыг төвийг сахисан байдлаар өрсөлдөхийг зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд тамирчид төвийг сахисан байдлаар олон улсын тэмцээнд оролцож байв.

Тэгвэл өнөөдөр В.Путин “Оросын тамирчид, спортын байгууллагуудыг олон улсын спортын үйл ажиллагаанд баталгаатай чөлөөтэй оролцох боломжийг хангах, олон улсын спортын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор 2024 онд “Бүх дэлхийн найрамдлын тоглолт” олон улсын тэмцээнийг Москва, Екатеринбург хотод зохион байгуулахаар шийдвэрлэв” хэмээх баримт бичигт гарын үсэг зуржээ.

Бүх дэлхийн найрамдлын тоглолт дөрвөн жилд нэг удаа явагдах бөгөөд эхний ээлжид спортын 30 төрлөөр өрсөлдөх юм. Тэдгээрийн 20 нь олимпын төрөл байх бөгөөд тэмцээнд өөр 14 төрлийг багтаахаар хэлэлцэж байна.

Пермь хотноо явагдсан “Орос спортын гүрэн” чуулганд үг хэлэхдээ Владимир Путин, 2030 он гэхэд оросуудын 70 хувийг спортод татан оролцуулах зорилго тавьснаа хэлсэн. Өнөөгийн дэлхийн спорт хэт их арилжаа хөөн улстөржсөн гэж Путин хэлээд үүнтэй тэмцэхэд спортын төрөл бүрийг хөгжүүлэх хэрэгтэйг онцлов. Мөн Оросын тамирчдыг дэлхийн спортын байгууллагууд ялгаварлан гадуурхаж буйг ч буруутгалаа.

Ингэснээр спортод “Хүйтэн дайны үе”-ийн уур амьсгал орж байх шиг. Тэртээ 1980 оны Москвагийн 22 дугаар олимпийг АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд бойкотлож байлаа. Тэрхүү бойкот нь ЗХУ-ын цэрэг Афганистанд орсонтой холбоотой байж билээ.

Тэгвэл 1984 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон 23 дугаар олимпийг ЗХУ тэргүүтэй социалист системийн орнууд бойкотлож байв. Тэр жил манай улс ч Олимпод оролцолгүй Москвад болсон “Сайн санааны тоглолт”-д оролцож байсан юмдаг.  Энэ удаа дахин ийм байдал давтагдаж магадгүй хэмээн спортын тоймчид ярьж эхэллээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn