Роналду зөв хөл дээрээ босч хожсондоо баярлаж, Бразил дахиад Алтан дагинад хүрэх боломжтойгоо харууллаа

“Катар-2022” ДАШТ-ий нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр боллоо. Ази тивийн төлөөлөл БНСУ, дэлхийн хоёр удаагийн аварга Уругвайтай гоолгүй тэнцсэн бол тус хэсгийн хоёрдахь тоглолт алдарт Роналдугийн тэргүүлсэн Португалийн баг Африкийн адуунууд гэгдсэн Гана улсын шигшээг хожсоноор үргэлжиллээ. Дэлхийн аваргуудад тун халтай байгаа эхний тоглолтод Бразилийн шигшээ баг хожлоо авч чадлаа.

ШВЕЙЦАРЬ 1 – 0 КАМЕРУН

Брил Эмбологийн ганц гоолын ачаар Швейцарь хэсгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа. Өдгөө 25 настай Эмболо Камерун гаралтай бөгөөд эх орныхоо эсрэг гоолдсоны дараа баяраа тэмдэглэсэнгүй. Африкийн Камерунд гоол оруулах цөөнгүй боломж олдсон ч тэд ашиглаж чадсангүй. Тоглолт Швейцарийн ялалтаар өндөрлөв. Энэхүү тоглолтын шилдгээр Швейцарийн хаалгач Ян Зоммер тодорчээ. Уг нь Камерун алтан дагиныг авч харих зорилготойгоо мэдэгдсээр ирсэн юмсан.

УРУГВАЙ 0 – 0 ӨМНӨД СОЛОНГОС

Хоёр багт гоол оруулах сайхан боломжууд олон олдсон ч ашиглаж чадсангүй. Эхний үед Өмнөд Солонгос ялимгүй илүү тоглолт үзүүлж байсан бол хоёрдугаар хагаст Уругвай илүү байлаа. Өмнөд Америкийн баг гоол оруулах боломж олдсон ч тэдэнд хаалганы хөндлөвч, шон саад болсоор байв. Тус тоглолтын шилдгээр Федерико Вальверде тодорчээ.

ПОРТУГАЛ 3 – 2 ГАНА

Криштиану Роналду энэхүү тоглолтод гараанд гарч тоглосноор таван дэлхийн аваргад тоглосон цөөн тоглогчийн нэг болоод зогсохгүй таван дэлхийн аваргад дараалан гоолдсон хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тамирчин болжээ. Тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Роналду ДАШТ-ий анхны гоолоо 2006 зургадугаар сарын 17-ны өдөр Ираны эсрэг оруулж байсан юм.

Тоглолтын дараа Роналду “Гайхалтай мөч тохиолоо. Миний тав дахь ДАШТ. Бид ялалт байгууллаа. Зөв хөл дээрээ бослоо. Таван ДАШТ дараалан гоолдсон анхны тамирчин болсондоо баяртай байна, бахархаж байна. Би зөвхөн ДАШТ-д л төвлөрч байна. Бусад нь чухал биш ээ” гэжээ.

Роналдугийн гоолын дараа Ганын баг хариуг нь барьж, Андре Айю гоол оруулсан. Гэвч төд удалгүй Португалаас Жоао Феликс, Рафаэль Леао нар гоолдож, баг нь 3-1 гэсэн харьцаатай дахин тэргүүлж эхэлсэн. Гана ч бууж өгсөнгүй. 89 дэх минутад Осман Букари мөргөж гоолдон, Роналдугийн өмнө гоолын баярыг нь дуурайн хийв. Тоглолтын төгсгөлд Ганын довтлогч Инаки Уиллиамс Португалын хаалгачийн болчимгүй алдааг гоол болгох боломжтой байсан ч хальтраад уначихав.

БРАЗИЛ 2 – 0 СЕРБИ

Нэгдүгээр тойргийн хаалтыг дээрх хоёр баг хийсэн. Сербийн шигшээгийн хамгаалалт нэгдүгээр үед алдаа бага гаргасан. Хоёрдугаар үед Бразилын довтлогчид талбайд бужигнуулах шиг боллоо. Тэдний зохион байгуулсан довтолгоо бүр аюул учруулж, хоёр нь гоол болсон. Ричарлисон зөв цагтаа зөв газраа байж, хоёр гоол оруулсан. Ялангуяа түүний сүүлийн гоол энэ удаагийн ДАШТ-ийг чимсэн тун гайхалтай гоол байсан юм.

Энэхүү тоглолтод Неймар гялалзаж байсан бөгөөд энэ багийн гол лидер гэдгээ хангалттай харуулсан. Харамсалтай нь тоглолтын төгсгөлд шагайндаа бэртэл аван талбайг чөлөөлсөн. Бүх ДАШТ-д оролцож, хамгийн олон буюу 5 удаа Алтан дагиныг өргөсөн Бразилд дахин нэг түүнд хүрэх боломж байгааг олон хүн ойлгож байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn