Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.
Тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ.
Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм байна. Сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.
Тэрбээр 30 орчим орон сууцтай бөгөөд тэдгээр нь эхнэр, гурван охин, хоёр хүргэнийх нь нэр дээр байдаг талаар эх сурвалжууд мэдээлж байв. Т.Бадамжунай нь 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдаас бууснаас хойш төрийн ажлыг хийгээгүй ч МАН-ын санхүүжилт, сонгуулийн мөнгийг байнга зохицуулж ирсэн гэгддэг.