Н.Алтанхуяг АН-ыг арчих гэлээ гэх юм, арчуулах юмаа өөрсдөө л хийгээд байгаа биш үү

Өчигдөр энх цагт төрсөн ганц улсын баатар Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноолоо. Үүнийг хоёр хуваагдсан АН-ынхан нь байтугай МАН-ынхан болохгүй, бүтэхгүй буруу зүйл хэмээн шаагилдаж байна. Э.Бат-Үүлийг ардчиллын анхдагч, улсын баатар гээд ял оноож болохгүй гэнэ. Тэгвэл хэрэг хийсэн хүн хэн ч бай ял хүлээх нь шударга үнэн биш үү. Ардчилагч, баатар гээд ял завшина гэж байхгүй биз дээ.

Шүүх шударга бишээр түүнийг хорьсон гэж үзэж байгаа бол дээд шатны давж заалдах шүүх уг ялыг цуцлах биз. Түүнээс хуулийн дагуу ял оноосоныг ардчилал устлаа гээд орилоод байх нь зүйд нийцэх үү.  Тэгээд ч манай улстөрчид 10 жилийн ял авсан ч жил хүрэхгүй суугаад л гарчихдаг биз дээ. С.Баярцогтоор бодоход. Миний л бодол шүү. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг биз дээ.

Өнөөдөр өглөө УИХ-ын чуулганы эхэнд Н.Алтанхуяг Э.Бат-Үүлийг яллалаа, та нар АН-ыг арчих гэлээ гээд цамнах юм. Үнэнийг хэлэхэд АН-ынхан та бүхэн өөрсдөө л намаа ийм байдалд хүргэсэн. Үүнийгээ эрх баригчдын буруу гэж үзэж байгаа чинь инээдэмтэй. Өөрсдөө л гүйж очоод хуйвалдаад, тэгсэн хоёр тал болоод байлдаад байгаа чинь олны нүдэнд ил биз дээ.

Уг нь АН-ыг ингэж хуваагаагүй бол өнгөрсөн сонгуулиудад арай ч ингэж нам тавиулчихаад сууж байхгүйсэн. Ялангуяа АН-ыг ийм арчаагүй байдалд хүргэсэн хүмүүс нь Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ тэргүүтэн та нар мөн. Хүний нүдэнд ил байгаа юмыг ингэж харах чинь нөгөө улайдаггүй хулгайчийн зан биз дээ. АН-ыг жирийн гишүүд чинь биш та мэтийн хэдхэн увайгүй нөхдүүд ийм болтол туйлдуулж. Одоо та бүхэн залуустаа зайгаа тавьж өгөөд явцгаавал АН-ын нуруу нэг амрахсан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn