Нүүрс бүхний цаанаас булталзах ХОЁР БҮЛЭГЛЭЛ-ийн тэмцэл

-Монгол нүүрсчдийн үнэн түүх-

Нүүрсчид гэж хэн бэ. Тэд бол хар алттай гараараа ноцолддог халтар царайтай уурхайчид, ажилчид биш ээ. Тэд бол шулуухан хэлэхэд хулгайч, дээрэмчид юм.

1990-ээд онд бид социалист лагериас тавигдаж, хүн бүхэн Е серийн гадаад паспорттой болж урагшаа Эрээн, Бээжин, хойшоо Улаан-Үд, Эрхүү, Москва гэсээр цааш Европод хөл тавьж билээ. Тэр үед энүүхэн Эрээн гацаанд монгол наймаачдынхаа гахайтай бараанаас ганц хоёроор нь хулгайлдаг бүлгүүд бий болж, тэднийг ганзагачид нүүрсчид гэдэг байж билээ. Тэр нүүрсчид хэд гурван жил тэгж яваад аяндаа алга болцгоосон.

Тэгвэл одоогийн манай цагаан захтай нүүрсчид бол улсаасаа ч баян болчихсон мөртлөө ханаж цадахаа байчихсанд учир байна.

Монгол улс ийм их нүүрстэй гэдгийг олон нийт мэдээгүй, цөөн хүрээнд эрх мэдэлтнүүд мэдэж эхэлж байхад ганц Эрдэнэтийн зэсээ, Эрдэнэт үйлдвэрээ л булаацалддаг байсан. АН-ынхан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болмогц 1998 оны зун Ш.Отгонбилэг агсаны өрөөг Одхүүдэж онгойлгосон бол МАН-ынхан Засгийн эрх авмагцаа 2000 онд Д.Доригжавыг 800 мянган ам.долларын хэргээр унагаж Эрдэнэтийг ээлж дараалан эзэлж байлаа. Гэвч Оюутолгой, Тавантолгой хэмээх хоёр том зэс-алт, нүүрсний ордууд байгааг түүнд хэн эзэн суух вэ гэсэн өрсөлдөөн энэ улсын цагаан захт хулгайч нарын нүдийг улайсгав.

Тавантолгойг эзэгнэхийг хүссэн олигархиуд тэднийг эсэргүүцэж өөрсөндөө хувь хүртэх гэсэн эсрэг бүлэглэл төрөв

Дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн коксжих нүүрсний ордыг төрийн мэдэлд авсан 2007 оноос хоёр бүлэглэлийн тэмцэл эхэлсэн билээ. Монголын 14 олигархийн хамтарсан “Энержи ресурс” компани тус ордыг 100 хувь эзэмшиж байхад нь тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нар мэдэгдэл хийж байгаад төрийнх болгосон.  Тэгэхдээ тус ордын 96 хувийг төрд авч үлдсэн 4 хувийг МCS, Шунхлай, Петровис тэргүүтэн нэгдсэн “Энержи ресурс”-т орхисон билээ. Гэвч учир мэдэх хүмүүсийнхээр бол тэрхүү үлдсэн 4 хувь гэгч буюу “Ухаа худаг” нь хамгийн гол коксжих нүүрсний нөөцтэй хэсэг нь гэлцсэн. Тиймээс ч тэд өрмийг нь аваад үлдлээ гэсэн. С.Баяр нар үүгээр ч зогссонгүй хэрвээ “Энержи ресурс”-т хувьтай байх юм бол дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн гэдэг. АН-ын тухайн үеийн дарга Ц.Элбэгдорж ч өөрийн гишүүддээ ийм шаардлага тавьсан хэмээх нь бий. Ингэснээр ихэнх нь хувиа зараад гарч одсон. УИХ-ын гишүүн асан “Молекул” хэмээх Батж.Батбаяр болон Цэнгэл нар сүүлд хувиа зарсандаа харамсаж явдгаа илэрхийлж байсан удаатай. Улстөрд үлдэхээр хувиа зарсан тэд зарим нэгэндээ атаархах нь бий. Ингээд Тавантолгой төрд ирж “Эрдэнэс Тавантолгой” нэртэй болон Монголчууд биднийг хэдэн зуун жил “тэжээх”-ээр болж билээ. Гэвч өнөөг хүртэл ард бидэнд ивээлээ өгсөнгүй. Сү.Батболд хэдий илээр нүүрснээс гарсан гэдэг ч далдуураа тэр Тавантолгойн энэхүү Ухаа худагийг эзэмшигчдийн ард байсаар ирсэн гэлцдэг.

Ингээд Тавантолгойн ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдаж билээ. Тэгээд тус уурхайд цахилгаан станц байгуулах, авто болон төмөр зам тавих асуудал яригдаж эхэлсэн. Тавантолгойн ордын нэг толгойг нь авсан Энержи ресурс бүхэлд нь авч ажиллуулахыг хүссэн. Тэд Хятадын аварга том Шинхуа Энержи, Японы Сумитомо корпорацитай хамтран Тавантолгойг ажиллуулахыг хүсч тендерт бараг шалгарчихаад байхад тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд нар уг ажлыг явуулаагүй. Мөн энэ сацуу авто зам тавьж, улмаар төмөр замыг хувь хөрөнгө оруулалтаар барихыг хүссэн ч Х.Баттулга нар саатуулан зогсоосон.

Тэд намуудыг дамнан бүхэл бүтэн “нам” болтлоо хөгжсөнийг өөрсдөө илчилсэн. MCS компаний лобби бүлэг сүүлдээ Монголын улстөрийг өнгөлж, тэд завсар зайгүй сүлбэлдэх болсоны эсрэг “Женко” хэмээх Х.Баттулга өөрийн бүлэглэлийг үүсгэн, тэдний авах гэсэн болгоныг саатуулж, зогсоож ирлээ.

Хоёр бүлэглэлийн тэмцэл

Нэр бүхий хоёр бүлэглэл 10 гаран жил Тавантолгойг болон тэндээс Хятадын хил буюу Гашуунсухайт хүртэлх 260 км төмөр замыг, мөн Сайншанд дайруулан зүүн зүг Дорнодоор ОХУ-ын хил хүртэл тавих төмөр замыг ямар царигаар барих тухайд хэрүүл өрнүүлэв. Хэрвээ ийм хэрүүл өрнөөгүй бол өдийд төмөр зам хэдийн баригдаад ашиглалтад орчихсон, манай нүүрс далайн цаадах Австралийнхтай өрсөлдөөд Монгол улс арай ч мөнгөөр суучихгүй л байж байх байсан. Хэрвээ нарийн цариг бүхий төмөр зам барих гэсэн MCS-ийн лоббичид засаг барьж байгаагүй бол мөн өргөн цариг бүхий төмөр зам хэмээн чичрэх “Женко” түүний нөхөд Зам тээврийн салбарыг атгаж байгаагүй бол төмөр зам тавигдах байсан хэрэг. 2014 онд арайхийж Дорнод руу тавих төмөр замыг өргөн царигаар, урагш Гашуунсухайт хүртэлхийг нарийн цариг бүхий барих УИХ-ын тогтоол батлагдсан. Ингээд овоо ажил явах нуу гэтэл бас л гацсан.

АН 2012 оны сонгуульд “олон” болж засгийн эрх авснаас хойших гурван жил, ялангуяа сүүлийн жил хагасын хугацаанд хоёр бүлэглэлийн тэмцэл улам хурцдаж “Шинэчлэлийн” Засгийн газраар сор залсан бол “Шийдлийн” Засгийн газрынх нь хувь заяа хутганы ирэн дээр л дэнжигнэсээр арайхийж нэг юм дууссан. Н.Алтанхуягийг унагахад “Женко” хэмээх Х.Баттулгын удирддаг МоАХ фракцид багтагсад ил цагаан шууд огцруулах кноп дарцгаасан. Тэгвэл тэдэнтэй хамтрагч болсон УИХ-ын дарга асан З.Энхболдын “Шонхор” фракцийнхан хуралд орж ирж саналаа өгч “амжаагүй”. Ингэж л Н.Алтанхуяг огцорсон. Х.Баттулгын продюссорлож хийсэн “100 чухал сэдэв” хэмээх нэвтрүүлэг гарч, уг нэвтрүүлэг нь эсрэг бүлэглэлээ намнахад чиглэгдсэн байсан. Мөн уг нэвтрүүлэг нь өөрийнхөө багтаж байсан Засгийн газрын тэргүүнээс эхлээд намын нөхдөө ил цагаан хуссан. Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “амин” найзаа дуудан сэтгүүлчдийн өмнө бүтэн цаг загнаж билээ. Гэвч Х.Баттулга гармагцаа уг нэвтрүүлгээ ТВ-үүдээр үргэлжлүүлэн цацуулж байсан юм даг. Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд 268 дугаартай тогтоол гаргасан нь “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” нэртэй. Энэхүү тогтоолыг гаргах, улмаар 2010 оноос хойш сураг алдраад байсан сонгон шалгаруулалтыг сэргээх нөхцөл бүрдсэн гэж үзэж. Энэхүү тогтоолооор 2010 онд тавьж байсан сонгон шалгаруулалтын шаардлага үндсэндээ өөрчлөгдөв. Засгийн газрын 268 дугаар тогтоолын хамгийн гол заалт нь 1-ийн Ж дэх хэсэг. Уг заалтад …Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх… гэсэн байгаа. Чухамдаа энэ шалгуурыг хангадаг ганц л аж ахуйн нэгж Монголд байж таарах нь тэр. Тэр нь MCS тэргүүтний дундын “Энержи ресурс”. Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчаар MCS компаний охин тодрох нь ойлгмжтой болсон. Гэхдээ тус компани нь Тавантолгойн ордын “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах талаар тусгажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Хятадын “Чалко” компанид төлөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах ёстой. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг хүлээнэ. Энэ мэтээр “Энержи ресурс” түүний эцэг компани болох MCS-д Тавантолгой бүхэлдээ очиж, тэд нүүрс тээвэрлэх нарийн цариг бүхий төмөр замыг хүртэл байгуулах эрхтэй болох нь эсрэг талд таалагдахгүй нь анхнаасаа тодорхой байлаа. Тиймээс Засгийн газрыг огцруулах сөрөг хүчний албан тоотыг тэд боломж гэж харсан нь тэр. Ингэж Н.Алтанхуяг огцорсон юм.

МАН-ын УИХ дахь хэсэг гишүүдийн зүгээс Монгол улсын иргэдэд Тавантолгойгоос эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөөр үнэлэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас санал авахаар өргөн бариад хоёр цаг ч болоогүй байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэрхүү 1072 хувьцааны 323-ыг нь 300 мянган төгрөгөөр худалдан авах тухай мэдэгдэл хийлээ. Амралтын хоёр өдөр нээлтээ хийсэн сонгуулийн сурталчилгаанд АН-ын амтай бүхэн иргэдийг нэгдэх өдөр буюу өчигдрөөс эхлэн дурын банкны салбарт очиж хувьцаагаа зарж болно гэсэн. Энэ дагуу банкнуудын салбар бүр хүний хөлд дарагдан бөөн оочер дугаарт дарагдаж өнжлөө. Монголын улстөрийн голлох хоёр намд 20 орчим жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хоёр бүлэглэлийн тэмцэл сонгууль болохоор түр намждаг нь нууц биш.

Тавантолгойг гацаасандаа баярлавч, төмөр замыг “идсэндээ” ороогдогсод

Женко бүлэглэлийнхэн “Шийдлийн” хэмээх Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг яг дээрх тогтоолын дагуу гэрээг батлах гэж байхад нь өрөнд баригдсан Тавантолгойг бүхлээр нь MCS-ийн бас л өрөнд баригдан эдүгээ дефолт зарласан “Энержи ресурс” болон түүнтэй хамтрагч хятадын “Шинхуа”-д өгч Хятадынх болгох гэлээ гэсэн хардлагаар З.Энхболд нар зогсоож амжсан. Х.Баттулга болон түүний нөхдийн хүчин чармайлтаар УИХ-ын 2015 оны хаврын чуулганы нээлт дээр З.Энхболд томоохон мэдэгдэл хийснээр асуудал ахиад л царцав. Ингээд Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-д өргөн баригдаагүй Тавантолгойн гэрээг судалж дүгнэлт гарган зогсоож чадсан юм. Энэ хооронд “Шийдлийн” Засгийн газрын гол хамтрагч солигдсон ба улстөржилт зун, намар дамнан өрнөсөн. Энэ үед МАН-ыг урьж оруулсан Засгаасаа хөөж Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн сайдын суудалд суулгах гээд чадаагүй ч өөрийн бүлэгтээ уг яамыг авч үлдсэн Х.Баттулга Тавантолгойн асуудлаар ахин дайралтад орсон. Тэр нь УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж өөрсдийн боловсруулсан УИХ-ын шинэ тогтоолын төслөө дэмжүүлэхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн явдал байв. Үүнийг нь зогсоохын тулд Х.Баттулгын хамтран зүтгэгч Б.Батзаяаг баривчлах ажиллагаа явагдах нь тэр. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилснаар хоёр бүлэглэлийн тэмцэл улам ширүүссэн нь тодорсон. Хар баасанд болсон баривчилгааны дараах ажлын эхний өдөр Х.Баттулга, Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал хийж 41 гишүүний гарын үсэгтэй тогтоолын төсөл өргөн барих гэж байгаагаа мэдэгдэв. Гэвч тэрхүү тогтоолын төсөл УИХ гэнэт шалтгаангүйгээр завсарласны дараа л нэг юм өргөн баригдсан билээ. Тэд энэхүү Тавантолгойг гацаасан үйлдлээрээ бахархдаг болохоо удаа дараа мэдэгдсээр ирсэн. Тэгвэл нөгөө тал нь ч З.Энхболд болон Х.Баттулгын бүлэглэлийн энэхүү дайралтыг огт зүгээр хараад суусангүй. Харин Монголын төмөр зам хэмээх төрийн өмчит компаниар дамжуулан Шинэ төмөр зам төслөөс мөнгө төгрөг идэж уусан, мөнгө угаасан хэмээн Х.Баттулгыг болон түүний ойр тойрныхныг хойш шалгасаар ирсэн.

Бүлэглэлүүдийн тэмцэл сонгуулиар хүчтэй өрнөдөг

Х.Баттулга 2016 оны сонгуулийн өмнө гудамжны цуглаан жагсаалд морилон өөрийн тодруулсан “Нүүрсчдийн нам”-ынхныг сонгуульд битгий нэр дэвшүүлээрэй, дэвшүүлсэн ч битгий сонгоорой хэмээн зарласан билээ. Тэрбээр “Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Ц.Нямдорж, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, М.Энхсайхан, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү нарыг төрд сонгож болохгүй хүмүүс” хэмээн цуглаан дээр зарласан. Эдгээр нэр бүхий хүмүүс “MCS” компанитай шууд болон шууд бус хамааралтай гэдгийг ч цуглааны үеэр онцолж байсан. Тэгвэл эсрэгээр зарим хэвлэлүүд Х.Баттулгын талынхныг “Шороочдын нам”-ынх хэмээн бичсэн ба Үүнд: түүнээс гадна З.Энхболд, А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, Р.Бурмаа, М.Зоригт гээд МоАХ, Шонхор фракцийнхныг нэрлэсэн. Тэгвэл хоёр талын нэр бүхий хүмүүс бүгд УИХ-д нэр дэвшсэн ба тэд энэ удаа аль бүлэглэл нь олон гишүүн сонгуулж чадахаас дараагийн тэмцэлд хэн ялахаа үзэх гэж буйг нь ойлгож явах юм үгүй байлаа. Ийнхүү сонгуулиар “Нүүрсчид” ялах уу, “Шороочид” ялах уу гэдгээ ч үзэж байсан түүхтэй.

“Женко” бүлэглэлийн төмөр зам тавьсан булхай ба нүүрсний хулгай

2016 оны сонгуульд МАН ялснаар Женко Х.Баттулга ба түүний бүлэглэлийнхнийг 280 сая ам.доллараар шороо овоолсон хэмээн бараг толгой дараалан баривчилж, уг хэрэг шийдэх гэж байгаа мэт санагдаж байлаа.

Тэд зүгээр ч шороо овоолсонгүй, хятадын төмөр замтай холбогдох төмөр замыг 20-оод километр зөрүүлсэн асуудал ч бас гарсан. Тэдгээр нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл тэргүүтнүүд. Уг хэрэгт Х.Баттулга болон түүний дараа Зам тээврийн сайдын алба хашиж байсан А.Гансүх нарыг ч сэжигтнээр татан шалгасан. Тэр үед Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал, “Түмэн хишигтэн” компаний захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилж шалгаж байлаа. Гэвч 2017 онд Х.Баттулга гэнэт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялмагц энэ хэрэг хаагдсан. Удалгүй Х.Баттулга эрх баригч МАН-ын удирдлагуудтай нийлж цэргийн хүчээр Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудыг өргөн царигаар барихаар болж гүйцэтгэгчээр нь “Бодь” группыг ажиллуулах болов. Ингэхдээ уг төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бүх мэдээллийг улсын нууцад оруулж ҮАБЗ дээр хав дарав.

Энэ нууц эдүгээ илэрч “Бодь”-д Эрдэнэс Тавантолгой байж болох хамгийн хямд үнэтэй нүүрсээр төлбөр хийж, түүнийг нь цаадах нь өндөр үнээр худалдаж байсан болов. Эндээс урьдчилж хятадын компаниудаас мөнгө авч нүүрсээр төлж ирсэн оффтейк гэрээнүүд ил болов. Энэхүү нүүрсний хулгайгаар манай тал 44 их наядыг алдсан тухай УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга Т.Доржханд мэдэгдэж, түүнээсээ өнөөг хүртэл буцаагүй.

Х.Баттулгын нүүрстэй холбогдсон нь эсрэг бүлэглэл нь нүүрсээр хөлжиж мандсантай холбоотой. Тэр үе үе үг унагах болгондоо Сү.Батболд тэргүүтэй оффшорчид, нүүрсчдийн намынхан гэж ирсэн. Эсрэгээр нөгөө тал нь Женкогийнхон төмөр замыг сайндаа гацаагаагүй, өөрсөндөө ашиг олохын тулд л гацаасан гэдэг байлаа. Тэр бүхэн өнөөдрийн өндөрлөгөөс харахад бүгд үнэн аж.

Х.Баттулга өөрийн хүслийг гүйцээхийн тулд Тавантолгой, Монголын болон Тавантолгойн төмөр замуудын дарга залуусыг хөдөлмөрийн баатар, гавьяатын тэмдгээр энгэрийг нь цоолж иржээ. Одоо тэдгээр баатар, гавьяат залуус толгой дараалан хэрэгт холбогдож ихэнх нь хоригдоод байна. Харин хэргийн эзэн мань эр тэртээ 1998 онд 17 чингэлэг спирт оруулж ирээд баригдчихаад Сингапур руу зугатсан шигээ өвчний улмаас хэмээн БНСУ-ыг зорин оджээ. Түүний томилуулсан АТГ-ын дарга нь өнөөдөр Х.Баттулгыг зугатсан гэж хэн нотлох юм гээд зогсож буй. Түүнд хэлэхэд УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Дорханд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар Х.Баттулгыг хил давж зугатсан хэмээн твиттер, фэйсбүүкээр зарласан юм аа.

Энэхүү Тавантолгойн нүүрс, төмөр зам дагасан хоёр бүлэглэлийн тэмцэл Монгол улсыг гүн гүнзгий эдийн засаг, санхүүгийн хямралд оруулж тэр нь монголын улстөрийг ч гарах гарцгүй шахам болгосон түүх энэ.

О.Ганхуяг//gereg.mn/


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn