Л.Оюун-Эрдэнэ: 2023 оноос эхлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгээс бусад барилга барихыг хязгаарлана

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд алслагдсан дүүрэг, орон нутагт ипотекийн зээлийг 0 хүүтэй олгох талаар мэдээлэв.

Тэрбээр “Сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа өөрсдөө хотоо төлөвлөж, байгуулахаар эхэлж байна. Хөшигийн хөндийд хот байгуулах хамгийн боломжтой газар гэж гарсан. Шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт дууссан. Богд уулыг тойрсон Богд хан төмөр зам, нийслэл хотыг тойрсон хурдны замын бүтээн байгуулалт эхэлнэ.

Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд бид хэд хэдэн газрыг эрчимтэй дэмжинэ. Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгууд болон Налайх, Багануур дүүргүүдийг онцгой анхаарна. Орон нутаг руу очиж ажиллаж байгаа албан хаагчдын цалингийн шатлалыг бий болгоно. Ипотекийн зээлийг алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт тэглэх бодлого баримтлана.

Энэ ажлуудыг хийж чадвал Улаанбаатар хотын хэт төвлөрөл багасна.

Засгийн газрын гуравны нэгийг Хөшигийн хөндийд нүүлгэн шилжүүлнэ. Ирэх 2023 оны төсвөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотод оффисын барилга барихыг хязгаарлана. Сургууль, цэцэрлэгийг бариулна. Бусад Улаанбаатар хотод баригдах барилгыг царцаана.

Түгжрэлтэй холбоотой асуудлаар олон нийтийн санал асуулга явуулна.

Түгжрээд явах уу, машины тэтвэр нэмэх зэрэг хатуу шийдэл гаргах уу гэдгээ нийслэлчүүд өөрсдөө шийднэ. Сингапурт автомашины дугаар машинаасаа хэд дахин үнэтэй байдаг. Улаанбаатар хот Богд хаан уулыг тойрч хөгжинө.

Богд хан төмөр зам Богд уулсыг тойрно гэдэг нь Улаанбаатар луу заавал орохгүйгээр тээвэр ложистикийн шинэ зам нээгдэх боломжтой. Богд хан төмөр замын ажил 2024, 2025 он гэхэд дуусна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn