В.Путин: Ганц туйлт ертөнц түүх болон үлдэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын нэр хүндтэй судалгааны зөвлөхүүдийн “Валдай” төвийн олон улсын мэтгэлцээний клубын 19 дэх хуралд оролцож үг хэллээ. Энэ удаагийн хурал нь “Ноёлогч үзлийн дараах дэлхий ерөнц: Хүн бүхэн шударга ёс, аюулгүй байдлыг эдлэх ёстой” сэдвийн дор зохиогджээ.

Владимир Путин хэлсэн үгэндээ, “Хүн төрөлхтөн одоо хоёр сонголтын өмнө ирээд байна. Биднийг эвдрэлцүүлэх асуудлыг хуримтлуулсаар байх уу, эсвэл дэлхийг илүү тогтвортой, аюулгүй болгож чадах шийдлүүдийг олох уу. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний хамтын ирээдүйн талаар эрх тэгш яриа өрнүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ энэ нь хэдий чинээ хурдан байх тусмаа сайн. АНУ болон түүний холбоотнуудын дэлхий дахинд тогтоосон ноёрхол сүйрэхээс сэргийлэхийн тулд барууныхан тэмцэлдэж байна. Бид түүхэн хил дээр зогсож байна.

Дэлхийн үйл хэрэгт барууныхны давамгайлал дуусч, ганц туйлт ертөнц түүх болон үлдэж байна. Дэлхий дахин түүхэн эргэлтийн үед ирсэн. Харин дараагийн арван жил нь дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн аюултай, урьдчилан таамаглахын аргагүй цаг үе тохиож мэднэ. Гэхдээ үүний зэрэгцээ хамгийн чухал арван жил байж ч магадгүй юм” гэлээ.

Сүүлийн хэдэн сард барууны орнуудын цуврал үйл ажиллагаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжрууллаа. Дэлхийн олонх улс орны хүмүүс АНУ-ын зохицуулалтад захирагдахыг хүсэхээ больж байна. ОХУ хэзээ ч өөрийгөө барууны орнуудын дайсан гэж үздэггүй” гэжээ.

Тэрбээр Украины мөргөлдөөнийг өдөөсөн гэж АНУ-ыг буруутгасан. Харин түүний хэлснээр барууны орнууд дэлхий даяар эмх замбараагүй байдал үүсгэж буй “аюултай, цуст, бохир” геополитикийн тоглоомоор тоглож байгаа аж. Мөн “Украинтай яриа хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн хэвээрээ, гэхдээ Киев хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзсан. Байр сууриа өөрчилж, тайван замаар асуудлыг шийдэх дохиог Вашингтоноос Киевт өгвөл энэ асуудал амархан шийдэгдэнэ. Бид Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бодолгүй байна. Ингэх шаардлага байхгүй гэж харж байна” гэв.

Сөргөлдөөний өнөөгийн үе шатыг үл харгалзан барууныг Оросын дайсан гэж үзэхгүй байна гэлээ. Тэрбээр барууны орнууд болон НАТО-д хандан “Орос, НАТО хоёр эв найртай оршин тогтнох ёстой. Барууны орнууд болон НАТО-той харилцаагаа сайжруулахыг ОХУ чин сэтгэлээсээ хүссээр ирсэн боловч үр дүн нь байнга эсрэгээрээ байсаар байна Дайсан байхаа больё, хамтдаа амьдарцгаая” гэв. Путин ингэж хэлсэн ч түүний стратегийн зорилгод, тэр дундаа Украины асуудалд өөрчлөлт ороогүй гэж Цагаан ордон үзэж байгагаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn