Сонгуульд оролцдоггүй, их хурлаа зохион байгуулаагүй, санхүүгийн тайлангаа баталгаажуулаагүй намыг идэвхгүйд тооцно

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн талаар бас мэдээлэл өгсөн.

Тэрээр “Уг хуулийн төсөлд намыг бүртгэх асуудал бий. Намууд бүртгүүлэхдээ шууд Улсын дээд шүүхэд материалаа өгч бүртгүүлэх заалтыг бүлэг дэмжлээ. Намыг идэвхгүйд тооцохтой холбоотой асуудал байгаа. Улс төрийн намыг гурван үйл ажиллагааных нь заалтаар идэвхгүй намд тооцно.

УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй, их хурлаа зохион байгуулаагүй, сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хороонд өгөөгүй намыг идэвхгүйд тооцож байгаа. Идэвхгүйд тооцогдсон нам санхүүжилт нь зогсож, сонгуульд оролцохгүй болж байгаа юм.

Улс төрийн нам сонгуульд нэг хувийн босго давж байж санхүүжилтийн асуудал яригдана. Хоёр чиглэлийн санхүүжилт байна. Сонгогчдоос авсан саналын болон УИХ-д авсан суудлын тооны санхүүжилт байх юм. Энэхүү чухал заалтуудтай Улс төрийн намын тухай хуулийн төслийг бүлэг дэмжиж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж бүлэг үзлээ” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn