Хотын захиргаа дуншиж, дуншиж ирэх долоо хоногоос Яармаг руу нүүхээр болжээ

Өнөөдөр дүүжин тээврийн эхний шугамын шавыг тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Ирэх долоо хоногоос хотын захиргаа Яармаг руу нүүж буй. Үүний гол зорилго нь Яармагийн түгжрэлийг хотын захиргаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн даалгаврыг Засгийн газраас өгсөн” гэж мэдэгдлээ. 

Х.Нямбаатар өмнө нь “Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Зэрэгцээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-ын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ” гэж байлаа. Гэхдээ энэ хугацаа нь барилгын ажилтай холбоотойгоор хойшилсон хэмээн албаны эх сурвалж хэлж байсан.

2012 онд Нийслэлийн засаг дарга болсон Э.Бат-Үүл хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх тухай ярьж, шав тавьж байсан. Э.Бат-Үүлийн дараа нийслэлийн Засаг дарга болсон С.Батболд хотын захиргааны шинэ оффисын барилгыг Яармагт барьж эхлүүлсэн.

Уг нь нийслэлийн засаг захиргаа хэдийн нүүгээд орчих учиртай ч өдий хүртэл нүүгээгүй байв. Д.Сумьяабазарын үед зарим агентлаг, хэлтсүүд нь Яармаг руу нүүсэн ч, Нийслэлийн захиргаа хотын төвд байсаар байсан. Барилгын ажилтай холбоотойгоор хойшилсон гэж байгаа нь шалтаг л төдий зүйл.

Гэвч эцсийн бүлэгт Нийслэлийн засаг захиргаа Яармагт бүхлээрээ очиж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn