Ц.Элбэгдорж үнэхээр Л.Оюун-Эрдэнийн толгой дотор амьдарч байна

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТВ-үүдээр нэгэн нэвтрүүлэг бэлтгэж цацсан нь олон хүнд мартсаныг сануулахын зэрэгцээ мөн олон хүнийг стрестүүллээ. Ямар сайндаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Өглөөний мэнд. Рокит Бэй – Дисс. “Би чиний толгой дотор, толгой дотор амьдарчийна. Түрээсгүй… Нэрийг минь хэлэхээ болингуут л зөвхөн түүнийг ялааны настай замнал тосно” гэж твийтертээ жиргэж байхав.

Ингэж жиргэж, бухимдаж уурлахаас аргагүй үгсийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр хэлэв.

Л.Оюун-Эрдэнэ  2017 оноос хойш л Монголыг аалзны тор мэт хэрсэн системийн авлигатай болон уг авлигыг угсарсан МАНАН бүлэглэл, түүний толгойлогч Ц.Элбэгдоржтой тэмцэж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ он жилүүдэд Ерөнхий сайдын толгой дотор   Ц.Элбэгдорж нар амьдарч иржээ гэж хэлж болох нь.

Түүнийгээ ч энэ удаагийн ярилцлагаараа илэрхийллээ.  С.Зоригийн хэрэг, шүүхийн хонгил, бүлэглэл, МАН-ын хуваагдал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, нийслэлийн газар олголт зэрэг асуудлуудыг шийдье, буруутнуудад хариуцлага тооцьё гэж хэдэн жил хашхирсан ч ийм хурдан шийдэгддэггүй ажээ. Учир нь энэ бүхэн бол  системийн авлигын үр дүн.

Системийн авлига гэдэг нь  улстөрийн нам, төрийн бүтэц, хууль, хяналтынханд үүрлэж, тэр ч байтугай хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл авлигын нэг хэсэг болж, авлига бүх газар нэвчин шингэхийг хэлж буй. Авлигын нэг хэрэг шийдүүлэх гэтэл шүүх дээр гацаачихаад байна гэдэг нь системийн авлигын жишээ.

Системийн авлигыг угсарсан МАНАН бүлэглэлийнхэнтэй холбоотой гэх асуудлууд нь Ерөнхий сайдын хэлснээр бол шүүхийн хонгил, бүлэглэл,  “Эрдэнэт”-ийн 49 хувь, нийслэлийн газар олголт зэрэг асуудлууд.“Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй. “Эрдэнэт”-ийн 49-ийн гэх хэрэг шүүх дээр долоон жил боллоо. Гэтэл зарим хэрэг шүүх дээр нэг жилийн хугацаанд л шийдэгдчихэж байна. Яагаад тэгш хандаж чадахгүй байна гэдгийн хариултыг л олон нийт нэхээд байгаа юм” хэмээн Ерөнхий сайд хэлэв.

Үнэхээр ч “Эрдэнэтийн 49 хувийн хэрэг” гэж үлгэр домог болсоор долоон жил болж байна. Үүнд шүүхийн тогтолцоонд авлигыг угсарсан МАНАН-гийнхны шууд нөлөө байгааг л Ерөнхий сайд хэлээд байгаа хэрэг. 2017 онд “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол хэлэлцэх үед тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нэгэн цагт тарган саалийн үнээ байсан Эрдэнэт үйлдвэр одоо эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ болсон” хэмээн хэлж, төр хувийн  өмчийг  булааж авах гэлээ хэмээн уурлаж байсан нь бичлэг болон хадгалагджээ.

Ганцхан “Эрдэнэт”-ийн жишээнээс л харахад Ц.Элбэгдорж үнэхээр авлигын систем угсарсан байна, бат бэх бүлэглэл үүсгэсэн байна.

Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ  “Ер нь системийн авлига нь 1998 он буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч тэр огцорсон, чадаагүй. Яг энэ систем 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн” хэмээн хэлэв.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг ш дээ. Тэр бол С.Зоригийн хэргийг шийдчихсэн, Эрдэнэтийн 49-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн. Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биеийн  хэлэмж шүү дээ” гэж хэллээ.

41 настайдаа Ерөнхий сайд болсон, багаар бодоход 20 жилийн улстөрийн карьер нь урд нь байгаа  Л.Оюун-Эрдэнийн хувьд авлигын системийг нурааж байж өөрийнхөөрөө ажиллах хоймор цэлийнэ. Гэвч долоон жил тэмцээд ч одоогоор түүнд хараахан тийм боломж гарч ирээгүй л байна. Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр  улсын хойморт Ерөнхий сайд хийж байгаа ч орон зай нь хавчигдмал .Учир нь энд тэнд угсарсан авлигын  систем түүнд орон зай гаргаж өгөхгүй байгаа нь үнэн билээ. Тийм болохоор тэрээр үнэхээр Ц.Элбэгдоржийг толгой дотроо “амьдруулж” байна. Ц.Элбэгдоржийн авлигын систем нуртал тэд бие биенийхээ толгой дотор амьдрах ч байх.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn