Эртний Хятадын Умард Жоу улсын алдартай хааныг Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Манай эриний зургаадугаар зуунд амьдарч байсан Хятадын эзэн хааны ясны үлдэгдэлд генетикийн судалгаа явуулсан эрдэмтэд тайлангаа өчигдөр Current Biology сэтгүүлд нийтлүүлжээ.

У нэртэй энэ хаан 560-аас 580-аад оны үед Умард Жоу улсыг захирч байсан бөгөөд түүхийн хамгийн их дайн дажин, үймээн самуунтай цаг үед эртний Хятадын умард хэсгийг нэгтгэсэн гавьяатайд тооцогддог нэгэн аж.

Эзэн хааны бунхныг 1996 онд баруун хойд Хятадаас илрүүлж байжээ. Бунхнаас бараг бүтнээрээ олдсон гавлын яс болон бусад ясны үлдэгдлүүдийн генетикийн материалыг судалсан эрдэмтэд хааны царай төрх, эрүүл мэндийн байдал, угсаа гарлыг тодорхойлсон байна.

Ингээд эзэн хаан У нь өнөөдрийн Монгол улс, Хятад улсын хойд болон зүүн хойд хэсэгт оршин тогтнож байсан Сяньби нүүдэлчин аймгийн хүн байжээ. Эзэн хаан бараан нүд, хар үс, бор арьстай хүн байсныг тогтоосон байна.

“Зарим эрдэмтэд Сяньби аймгийн хүмүүсийг өтгөн сахал, өндөр хамар, шар үстэй “өвөрмөц” царай төрхтэй байсан гэж үздэг. Гэтэл бидний судалгаагаар У хаан зүүн болон зүүн хойд Азийн хүмүүсийн хэвшмэл царай төрхтэй байсан нь харагдаж байна” гэж Шанхай хотын Фудан их сургуулийн профессор Шаочин Вэнь тайлбарлажээ.

У хааныг 36 настайдаа гэнэт нас барсан гэж судлаачид дүгнэсэн байна. Түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг хордуулсан тухай бичсэн байдаг гэнэ.

Судлаачид энэ удаа хааны үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй байна. Гэхдээ унжсан зовхи, харалган байдал, хэвийн бус алхаа зэрэг цус харвалтад мэдрэмтгий шинж тэмдгүүдийг генетикийн материалаас нь илрүүлснээ тайланд дурджээ. У хаан бас өнөөгийн Хятад улсын голлох үндэстэн болох хань үндэстэнтэй гэрлэсэн байсныг тогтоосон байна.

Судлаачид олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн У хааны царай төрхийг гурван хэмжээст зураглалаар харуулжээ.

Эх сурвалж: CNN


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn