Ж.Батзандан МАН-ыг ч, өөрийнхөө байгуулсан ШИНЭ намыг ч голж, хаяж явсан АН-даа шууд гүйгээд очиж чадахгүй явна

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр  Төрийн ордонд мэдээлэл хийж, “МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн” гэв. 

Ж.Батзандан “Монгол Улсын иргэн Ж.Батзандан хаагуур яваад ирэв ээ гэж асууж магадгүй. Би 2020 оны зургадугаар сараас гадаадад судалгааны ажил хийж, “Шинэ хувьсгал” нэртэй номоо бичиж, олон түмэнд хүргэсэн. Мөн 2023, 2024 онд хууль хяналтын байгууллагад шалгуулж, гурван сар хоригдож, шалгуулж, өнгөрсөн сард цагаадан эрх чөлөөт иргэн болоод зогсч байна. Иргэн Ж.Батзанданг эрх баригч нам гурав дахь удаагаа шоронд хийлээ.Өмнө нь 2008 онд жагсаал хийсэн гэж, сая хэрээ мэдэхгүй дарвалзсан гэдэг зүйл ангиар 2 сар 15 хоног шоронд хорилоо. Эцэст нь ариун цэврээ шалгуулж, онц сайн дүн авлаа. Улс нийгэмд учруулсан ямар ч хохирол алга, хулгай хийж, худлаа хэлээгүй байна гэдгийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон. Амаа үдүүлсэн дөрвөн жил төгсч, одоо үгээ хэлнэ.

Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө. Дөрвөн жилийн өмнө надтай тэмцэж явсан хүмүүсийн ажилд дүгнэлт өгнө. Сөрөг хүчний блок байгуулагдвал би нэр дэвшинэ. Ингэж нэр дэвших боломжтой” гэлээ.

Тэрбээр анх 2003-2004 онд гарч ирэхээсээ эхлээд гудамжны тэмцэгч байсан. Ингэж тэмцсэнийхээ үр дүнд УИХ-д хоёр, гурав ч сонгогдсон нэгэн. 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын дарга асан М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд гэр барин тэмцэж байсан.

Тэр үед МАН, АН-д данстай “Шударга тав” нэртэй энэхүү фракцад тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, нүүрсний хэргээр ял сонсон шоронд хорих ял эдэлж буй Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Монгол Улсаас Люксембургийн их гүнт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Ж.Батзандан нар багтаж, тэд  Төрийн ордныг  гороолдог ажилтай болсон.

М.Энхболд ч УИХ-ын даргаасаа буусан. Харин 2020 оны УИХ-ын сонгууль болоход Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч “ШИНЭ” нам хэмээхийг байгуулж өрсөлдсөн ч ялалт байгуулж чадалгүй унасан. Л.Болд нь Элчин сайд болж, гадаад орныг зорьсон бол Ж.Батзандан Австралид нэг хэсэг Элчин зөвлөх хийгээд ахиад гудамжинд гарсан.

УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болсноор хуулийнхан шалгах боломжтой болсон түүнийг туслахаараа дамжуулан  “Капитал” банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгаж байв. “Капитал” банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлж байв.

Энэ удаа шалгуулаад асуудалгүй болчихсон гэж явна. Хавар болохоор юм нь хөдөлдөг нэг хэсгийн төлөөлөл шиг тэрбээр сонгуульд нэр дэвшчих арга хайн яваа нь энэ. Ж.Батзандан АН-ыг яаж “хутгалаад” гарснаа мэдэж байгаа учраас шууд очоод буцаад элсье гэж Л.Гүндалай  шиг гуйж чадалгүй ийн явж байгаа бололтой. Үнэндээ бол өөрийн гэсэн байр суурь гэх юмгүй болсон ийм улстөрийн “үхдэлүүд”-д орон зай олгоод байх юм бол улстөр самуурсаар л байх болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn