Улаанбаатар-Дархан чиглэлийн замд цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг анхаарууллаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хар модотын даваа, Баянчандмань сум, Тахилтын даваа орчимд өнөөдөр их хэмжээний цасан шуургатай, Баруунхараа-Дарханы хооронд хүчтэй салхи, шуургатай байгаа тул зам дээр гулгаа үүссэн байна.

Иймд тохиромжтой хурдыг сонгож хөдөлгөөнд оролцох, хоорондын зайг барих, халтиргаатай, аюул бүхий хэсгүүдэд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, шил арчигч, цан үлээгүүрийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах, техникийн бүрэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцох, зайлшгүй зогсолт хийх тохиолдолд бусдад анхааруулга өгөх, аюулгүй байдлаа бүрэн хангаж байх, онцын шаардлагагүй бол тухайн чиглэлийн замд гарахгүй байхыг АТҮТ-өөс зөвлөлөө.

Өнөөдөр 09:30 цагийн байдлаар Говь-Алтайн баруун, Завхан, Баянхонгорын өмнөд, Архангай баруун болон хойд, Булганы өмнөд, Өвөрхангайн баруун, хойд, Төв аймгийн зүүн, Дундговийн ихэнх, Дорноговийн зарим, Хэнтийн зүүн өмнөд хэсгээр хүчтэй салхины аюултай үзэгдэл болж байна.

Орхоны төвийн нутаг, Дарханы өмнөд, Төвийн ихэнх нутаг, Дундговийн, Дорноговийн төвийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn