Ч.Хүрэлбаатар: ОХУ-руу 375 нэр төрлийн барааг татваргүй, квотгүй экспортлоно

Боомтын сэргэлтийн Үндэсний форум хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс цаашид боомтуудын үйл ажиллагаагаа жигд хөгжүүлэхээс гадна хөрш орнуудтайгаа чөлөөт бүс байгуулах гэрээ хэлэлцээр байгуулахад хамтарч ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өслөө. Экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10 жилийн турш зургаан хувиас дээш өсгөх юм бол улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөр түвшинд гарна. Тиймээс бусад орнуудтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг, худалдааг тэлэх чиглэлээр одоогийн байдлаар хоёр гэрээ хэлэлцээр идэвхитэй хийгдэж байна. Нэгдүгээрт, БНСУ-тай чөлөөт худалдааны эхний хэсгийн гэрээ хэлэлцээрийг хийж байна.  Мөн Япон улстай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр буюу эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ хийж байна.

Мөн ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хийж байна. Монгол Улс ОХУ-ын хоорондын худалдааг аваад үзвэл 2022 оны байдлаар 97 хувь нь ОХУ-ын экспорт, гурван хувь нь монголын экспорт байна. Үүнээс харахад хоёр орны худалдааны харилцаа эрс алдагдсан. Харин өнгөрсөн 2023 онд Монгол Улсаас ОХУ-руу экспортлох махны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын экспорт 95 хувь, Монгол Улсын экспорт таван хувь болж өссөн. Гэсэн хэдий ч хоёр орны худалдааны харьцаа алдагдсан хэвээр байна.

Тиймээс сүүлийн зургаан сар Эдийн засаг хөгжлийн яамнаас ОХУ-тай гэрээ хэлэлцээр тасралтгүй хийж байна. Энэ хүрээнд гурван бүлэг бараа бүтээгдэхүүнийг ОХУ-руу татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлэлцэл хийгээд дуусч байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн буюу гурван бүлгийн 375 төрлийн барааг ОХУ-руу татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг хийгээд дуусч байна. Энэ нь Монгол Улсын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэн ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг татах чухал хөшүүрэг болж байна.

Өнгөрсөн хугацаанд ОХУ-руу гаргах экспортын хэмжээ бага байсан нь тус улс руу гаргах экспортын бараа бүтээгдэхүүнд 40-60 хувийн татвар ногдуулах, эсвэл квот тавигддаг байсантай холбоотой. ОХУ-тай Монгол Улс 17 боомтоор хиллэдэг бол 10 нь, БНХАУ-тай 16 боомтоор хиллэдэг бол 13 нь ажиллаж байна. Тиймээс цаашид Монгол Улс аль болох олон үүд гарц нээх ёстой. Боомтуудыг жигд хөгжүүлэх нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

Дараагийн тулгамдсан асуудал бол чөлөөт бүстэй холбоотой асуудал юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигтийн хөндий  дөрвөн чөлөөт бүс бий. Үнэнийг хэлэхэд эдгээр дөрвөн чөлөөт бүс дээр зарим төрлийн архи тамхи худалдахаас өөр худалдаа явахгүй байна.

БНХАУ-тай Эдийн засаг, хөгжлийн яамнаас удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж чөлөөт бүсийн худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хоёр хоногийн өмнө болсон Замын-Үүд боомтын нээлт дээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ирж “БНХАУ-ын төрийн зөвлөлөөс Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх чиглэлээр албан ёсны шийдвэр гаргасан” гэдгийг мэдэгдсэн.

Ирэх долоо хоногт Эдийн засаг хөгжлийн дэд сайд,  БНХАУ-аас суугаа Худалдааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхлэхээр тохироод байна. Энэ бол олон жил яригдаад ажиллаж эхлээгүй чөлөөт бүс ажиллах боломж бололцоог бий болгоно” гэлээ.

 

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn