О.Номинчимэг: “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийг 100% нэг хүний эзэмшилд бүртгэсэн нь гэмт хэргийн шинжтэй

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн асуудлаар өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт хандав.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар ажлын хэсэг гарсан. 2007 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн эзэмшлийг 100% нэг  хүний нэр дээр бүртгэсэн асуудал байна. Энэ үед нийслэл 41%, 49%-ийг эзэмших асуудлаар шүүхэд хандаж байсан. Гэтэл гэмт хэргийн чанартай баримт бичгүүдийг үндэслэж, УБЕГ 2007 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийг 100% нэг хүний эзэмшилд бүртгээд 17 жил боллоо.

Нийслэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 49%-ийг эзэмшдэг гэдэг ч улсын бүртгэл нь хувь хүний нэр дээр байна. Нэг хүний эзэмшилтэй компани бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газруудыг албан ёсны шийдвэргүйгээр бусдад шилжүүлж эхэлсэн. Хууль бусаар газар шилжүүлсэн асуудлууд хөндөгдөж байгаа учир 2007 оны тавдугаар сарын 15-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийг улсын бүртгэлд 100% нэг хүний эзэмшилд бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, АТГ-т хандаж байна. Эрүүгийн хуулийн 22.1-д заасны дагуу албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн процессыг харвал материал гаргаж өгөхөөс гурван хоногийн өмнө иргэн Жавзмаа 0.45, Т.Нямдаваа 0.92, З.Ариунаа 0.61, Т.Нямдаваа 28.2%-ийг, нийслэл 70%-ийг эзэмших шийдвэр 2000 онд гарч байсан юм. Гэтэл эдгээр хүнээ хуралдуулж, бүх хувьцаагаа Т.Нямдаваад шилжүүлж, 30%-ийг дангаар эзэмшүүлж байна гэсэн хурлын протокол бичсэн. Энэхүү бичиг баримтаа өгч, 100% нэг хүний эзэмшилд бүртгэж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан байгаа юм. Уг хүсэлтийг үндэслэн УБЕГ “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийг нэг хүний өмчид бүртгэсэн байна.

Улсын бүртгэлд бүртгүүлэхэд компанийн дүрэм зэрэг олон баримт бичиг бүрдүүлэх ёстой байтал хувь хүний хүсэлтийн дагуу бүртгэснийг шалгуулах юм” хэмээв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn