Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гурил тэжээлийн үнийг гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асууад хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр МАН бүлгээс өнгөрсөн баасан гаригт завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцсэн. Импортоор орж ирэх гурил, малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх асуудал яригдаж байна. Одоогоор 15 орчим хувийн гаалийн албан татвартай байна.  Гурилын үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгчид монополь тогтоосон гэж үзэж байна. Тиймээс Засгийн газраас гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж импортыг нээлттэй болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Энэ асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцээд гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр боллоо. Энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хэлэлцлээ. МАН 2020 оны сонгуульд оролцохдоо уг хуулийг санаачилж, батлуулахаа амласан. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6.2 дугаар зүйлд Баялагийн сантай байх, Баялагийн сангийн тухай хуулийг баталж гаргах шаардлага бий. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж анхны үзэл баримтлалыг танилцуулж, гишүүдийн саналыг сонслоо. МАН-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжиж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх ажлууд болоод цаашид энэ салбарт хэрэгжүүлэх хуулийн төсөлтэй танилцлаа. Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа зудын эрсдлийг цаашид хэрхэн бууруулах, цаашид ямар томоохон арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсан. Цаг үеийн чухал шинжтэй асуудал учраас дэмжиж, аль болох богино хугацаанд, яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn