НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-нд болно

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хурал өчигдөр боллоо.

Хурлаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тухай хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.

Тодруулбал НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн  шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2,016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Эдгээр иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй, мөн үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломжгүй болсон байна.

Иймээс уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын 2022 оны “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай” 43 дугаар тогтоолын Чингэлтэй дүүргийн 12,16, 21, 22 дугаар хороотой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулсан юм.

Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэхийг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо дэмжлээ. НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn