Х.Булгантуяа: Ахмад настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийт 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол 100 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг байгаа, мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Халамжийн тэтгэвэр нэмэгдэхээр байгаа. Тэтгэвэр авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин 65,6 мянган иргэн халамжийн тэтгэвэр авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд байнгын асаргааны тэтгэмж гэж бий. Асран хамгаалж буй гэр бүлийн хүнд нь өгдөг. 2023 оны долдугаар сарын 1-ээс 16-аас доош насны хүүхэд асарч байгаа, том хүн асарч байгаа гэж ялгамжтай болгосон байсныг ижил болгон, 275 мянган төгрөгийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан.

Хүүхдийн мөнгө олгодог журманд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 29 асрах төв байгууллагад 0-18 хүртэлх насны 924 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд 14 нас хүрэхэд хүүхдийн мөнгөнийхээ 20 хувийг захиран зарцуулах эрхийг нээж өгч байгаа.

Хүүхдүүд маань бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрэх гээд байдаг учраас хөгжлийн үйлчилгээнд нь зарцуулах нь зөв юм гэж үзсэн.

Асрамжийн төвд нэг айлын дөрвөн хүүхэд нэг жил байхад хүүхдийн мөнгөнийх нь хуримтлал нийлээд 5 сая орчим төгрөг болдог. Гэтэл зарим эцэг, эх хүүхдийн мөнгөний хуримтлал үүсэхээр хүүхдээ асрах төвөөс аваад, бүх мөнгийг нь зарцуулчихаад хүчирхийлэл үйлдэхээр эргээд хүүхэд асрах төвд ирэх, эсвэл мөнгө нь дуусахаар хүүхдээ асрамжийн газар аваачиж өгдөг. Тийм учраас хүүхдээ асран хамгаалдаггүй, хүүхэд нь асрамжийн төв дээр байгаа хүүхдүүдийн 100 мянган төгрөгийг захиран зарцуулах эцэг, эхийнх нь эрхийг хаасан.

18 нас хүртэл мөнгөн тэтгэмж нь хуримтлал байдлаар төвлөрөөд захиран зарцуулах эрх нь нээгдэхээр хүүхэд өөртөө авахаар журманд өөрчлөлт орууллаа” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn