ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой боллоо

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт гурав хоног явагдаж өндөрлөсөн. Одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн саналаар ялалт байгуулсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болжээ.ОХУ-ын Сонгуулийн төв хороо 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг гаргасан байна. Владимир Путин бусад нэр дэвшигчдээс асар их давуугаар тэргүүлсээр байна гэжээ.

Саналын 95 хувийг тоолсны дараа Путин 87,32 хувийн санал авчээ. Үлдсэн нэр дэвшигчдийн хүчний харьцаа ижил хэвээр байна. Хоёрдугаарт 4,28 хувийн саналаар ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов оржээ. “Шинэ ард түмэн” намаас нэр дэвшигч Владислав Даванков 3.85 хувийн санал авчээ. ЛДПР-аас нэр дэвшигч Леонид Слуцкий 3.15 хувийн санал авчээ.

Ингэснээр 71 настай Путин дахин зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна. Түүний энэ сонгуульд авсан санал нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойших Оросын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ.

Мөн Иосиф Сталинийг ардаа орхиж, Оросын сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүн болох боломжтой болж байна. Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов дөрөв орчим хувийн санал авч, Путиний дараа удаалжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn