Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал 2024 оны гуравдугаар сарын 14, 15-нд боллоо.

Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэн

  • Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,
  • Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.

Тус хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны хурлаараа бодлогын хүүг 13 хувьд хүргэхээр шийдвэрлэж байсан бөгөөд түүнээс хойш дөрвөн улирал дамнан хэвээр нь хадгалсаар байв.

Өнөөдрийн шийдвэрийн талаар Монголбанкнаас өгсөн мэдээлэлд жилийн инфляц 2024 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 7 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурсныг онцлов. Мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүлсэн гэлээ.

Цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байгаа ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бийг дурдсан байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn