Х.Ганхуяг: Улаанбаатар хотод барилгын компаниуд даам гарч, иргэдийг хуурч хулхидах болсон

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “2020 онд анх гишүүн болоход Баянгол дүүргийн 34 хорооноос 11-т нь улсын сургууль байгаагүй. 13 хороо нь цэцэрлэггүй байсан. Өнөөдрийн байдлаар бүх хороодын цэцэрлэгийг 100 хувь шийдсэн бол 10 хороонд сургуулийн асуудлыг шийдээд байна.

Баянгол дүүргийн нэг хороо дунджаар 10 мянган оршин суугчтай гэж бодоход 10 хороо гэхээр 100 гаруй мянган иргэний асуудал шүү. Хүн хүүхдээ -40 хэмийн хүйтэнд хөтлөөд 40-50 минут автобус хүлээж зогсох хэцүү. Тиймээс зээлээр ч болсон машин аваад л өнөөх түгжрэлдээ орно. Түгжрэл бууруулахад том нөлөө үзүүлэх зүйл бол хороо бүр сургууль, цэцэрлэгтэй байх.

Сургууль барих төсвийг суулгах нь асуудал биш. Газар чөлөөлнө гэдэг бол том асуудал. Улаанбаатар хотод барилгын компаниуд даам гарсан гэж хэлж болно. Учир нь орон сууцны захиалга авахдаа сүртэй гоё зураг төсөл, сургууль цэцэрлэгтэй гэчхээд ашиглалтад оруулахдаа аль алийг нь шийдээгүй иргэдээ хөөрхөн хуураад хулхидчихдаг.

Хамгийн сүүлд 16 мянган оршин суугчтай Алтай хотхонд сургуулийн газрыг чөлөөлөх гэж Тайгам Алтай компанитай хэд хэд уулзах хүсэлт тавиад сүүлдээ бүр иргэдтэйгээ жагсаал тэмцэл хийж байж үр дүнд хүрсэн. Бид цаашид хотхон, хорооллуудыг заавал улсын сургууль, цэцэрлэгтэй нь хүлээж авдаг болох ёстой. Баянгол дүүргийн 10 хороонд сургуулийн асуудлыг шийдсэн нь 100 гаруй мянган иргэний аж амьдралтай шууд холбоотой

Одоо манай дүүргийн 29-р хороонд л сургуулийн асуудал шийдэгдээгүй байна. Тэнд “Эрин, Өнөр” гэх мэт томоохон хорооллууд байгаа ч мөн л улсын сургуулийг нь шийдээгүй. Хүүхдээ сургахын тулд 1-р хорооллоос 10-р хороолол руу зөөнө гэдэг иргэдэд үүсэж байгаа нэг том хүндрэл.  Тиймээс тухайн бүсэд байгаа хувийн сургуулийг улсад авах эсвэл түрээслэх санал тавиад байна.

Энэ хороонд сургуулийн асуудлыг шийдсэнээр Баянгол дүүргийн 34-хороо бүгд улсын сургуультай болж иргэд хүүхдээ гэртэйгээ ойрхон сургуульд сургана. Хамгийн сайн сургууль бол гэртэйгээ ойрхон сургууль юм шүү” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn