Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын шүүх хурлын үеэр Сү.Батболдыг мөнгө авсан тухай мэдээлэл ил болжээ

Мягмар гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийн шүүх хурал болох үеэр Монголын улстөрчтэй холбоотой их хэмжээний мөнгөний талаарх баримт ил болжээ. Разак нь Малайзын баялгийн сан болох төрийн өмчит 1MDB компанийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй.

Хурлын үеэр Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус өөрийн явуулсан мөрдлөгийн үр дүнг Малайзын дээд шүүхэд танилцуулжээ. Тэр 1MDB компанийн охин компани SRC International компанийн банкны данснаас 2011 оны арванхоёрдугаар сард гарсан $14.9 сая хаашаа орсон талаар баримт дэлгэсэн аж.

Энэ мөнгийг тухайн үед Британийн Виржин аралд бүртгэлтэй Muraset Limited компанийн дансанд шилжүүлсэн байна. Шилжүүлсэн мөнгө цаашаагаа хэд хэдэн хувь хүний дансанд хуваагдан шилжсэнийг ч тогтоожээ.

Мөрдлөгийн явцад Muraset компанийг Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд мөн Виржини аралд бүртгэлтэй Grandcastle Assets Limited компаниараа дамжуулан эзэмшдэгийг тогтоосон ажээ.

Muraset компанийн дансанд орж ирсэн мөнгөнөөс $2 сая нь “Dash Uranbileg” хэмээх хүний дансанд, $40,000 нь Батболдын хүү Баттүшигийн дансанд, $4.5 сая нь Батболдын төлөөний хүн болох Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд, $1.4 сая нь Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд орсныг мөрдөж тогтоосноо Баркхаус танилцуулсан байна.

Мөн үүнээс гадна $4.54 сая, $2.5 сая тус бүр Infinite Properties Limited, Bophut Investments Limited компаниудын данс руу шилжсэнийг тогтоосон аж. Энэ хоёр компанийг бас С.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг болохыг тогтоожээ.

SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлжээ.

Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас $4.5 тэрбумыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн аж. SRC компанийн шинээр томилогдсон удирдлага 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ерөнхий сайд асан Нажиб Разакын эсрэг гомдол гаргасны дагуу дээрх шүүх хурал үргэлжилж байна.

Эх сурвалж: New Straits Times


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn