Малын хорогдол хамгийн өндөр аймаг Сүхбаатар байна

Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатарт 1.1 сая мал хорогдоод байна. Зудын үнэлгээг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 29-нд шинэчлэн гаргасан. Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговь зэрэг аймгууд малын хорогдол ихтэй байгаа. Тиймээс зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар хаагдсан зам, давааг нээх, өвс, тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн.

Аймаг, сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн эмч, мэргэжилтнүүд шуурхай үзүүлж явуулаар ажиллаж байна. Зудын эрсдэл өндөр аймаг, сумдад эмнэлгийн болон бусад тусламжийн баг ээлжээр ажиллаж байна.

ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ихэнх нутгаар цасан бүрхүүл ханзарч эхэлсэн. Мөн цасан бүрхүүлийн зузаан 3-9 см доошилсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарсан ч зарим нутагт бага зэргийн цас орсон. Тодруулбал, Өвөрхангайн Уянгад нэг мм, Арвайхээрт 1,2 мм цас орсон. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна. 14-15 хүртэл нийт нутгаар дулаан байна.

Харин 14-нөөс баруун аймгуудын нутгаар цас орж, 16-наас төв, говь болон ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ. Зам даваанд халтиргаа гулгаа ихээр үүсэхийг анхааруулж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn