Мөн Үндэстнээрээ баяжья уриалгыг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх бодлого, шийдлийн талаар нээлттэй ярилцав. Түүнчлэн Орхон аймгийн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: “Би “Үндэсний эвсэл”-ийг саяхан албан ёсоор байгуулсан ч энэ бол анхдагч нь ердөө биш. 2010 оны 9-р сарын 15-нд МАН-ын гишүүн, түүний дэргэдэх НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод нэг зүйл надад анзаарагдсан нь иймэрхүү улстөржсөн, улаан цэнхэрээрээ хуваагдсан байдлаараа бид хол явахгүй юм байна. Улс орон хөгжихгүй юм байна гэсэн бодол. Тийм учраас тухайн үеийн АН-ын дэргэдэх Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Гадаад Хэргийн Дэд сайд Б.Болортой уулзалт зохион байгуулж байсан.

НАМЗХ, АЗХ маань бодлогын хувьд нэгдэж ажиллах ёстой юм байна гэж хэлсэн. Энэ яриа маань үргэлжилж явсаар 2013 оны МЗХ-ы хурлын босгон дээр НАМЗХ, АЗХ маань хуралдаад бодлогын нэгдэл бүхий МЗХ гэж гарсан. А.Мөнхбат гэж залууг Ерөнхийлөгчөөр нь дэмжээд, НАМЗХ, АЗХ-оос 2,2 Дэд ерөнхийлөгчтэй, ЕНБД-аар нь О.Алтансүх гэж НАМЗХ-ы залууг томилж байсан. Өөрөөр хэлбэл би улстөрд дөнгөж орсон бацаан байхдаа ч эвсэх үзэл санааг хэрэгжүүлээд явж байсан.

Сонгууль мэдээж болно. Хэнд нь итгэл үзүүлж, ирээдүйгээ даатгаж найдах вэ? гэдэг бол сонголтын асуудал. Өрсөлдөөн гэдэг бол нэг талаар өрөөсгөл үг. Яагаад гэвэл улстөрийн манлайлал бүхий лидерүүдийг нийгэм нь өөрөө захиалж төрүүлдэг болохоос биш хэн нэгэн хүн нийгмээс урдуур би гэж далдаганадаггүй л байхгүй юу. Тийм учраас би нэг их далдаганаад байгаа юм байхгүй.

Өс хонзон санахаар бол би энэ Монголыг хорлоод байдаг, Монголчуудаа золигт гаргаад байдаг хэнтэй ч өс хонзон санаж чадна шүү. Аймаар чадна. Хэрэгжүүлж ч чадна. Гэхдээ хонзогнолоо гээд өөрийгөө хойш нь суулгаад, өнгөрсөнтэй зууралдаад яваад байхыг хүсдэггүй. Яагаад гэвэл надад алдсан юм байдаггүй учраас. Янз бүрийн байдлаар намайг их л хохироолоо. Хохироох гэж үзэж байгаа бол үүнээс би яаж хожоотой гарах вэ? гэдэг ухаан зарж л өнгөрсөн хугацаанд байж ирлээ. Өөрийгөө яаж хөгжүүлэх вэ? Мэдэхгүй чадахгүйгээ яаж нөхөх вэ? Түүнээс биш сэтгүүлчийн хэлсэн шиг хувь өс хонзогнол надад байхгүй.

МАН, АН аль нь ч манай өрсөлдөгч биш. Бид бусад улстөрийн намуудыг өрсөлдөгч гэдэг байдлаар харахгүй. Илүү байгаадаа ч биш. Ярианы эхэнд хэлсэнчлэн улстөржилтийнхөө хил хязгаарыг тогтооё гэдэг манлайллыг үзүүлнэ” гэлээ.