Ховдын Засаг дарга Э.Болормаа архи уусан гурван даргаа халжээ

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа ажлын хариуцлага алдсан газрын дарга нараа халжээ. Үндэслэл нь, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Гомбосүрэн, мөн Хуулийн хэлтсийн дарга нарыг архи уусан учраас чөлөөлсөн аж.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад архи ууж, ажил цалгардуулсан учир халах тушаал гаргажээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь дээрх орон тоон дээр газар, хэлтсийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар сонгож томилно.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Хоёр дарга нь миний өөрийн томилсон, сонгон шалгаруулалтаар сонгогдсон хамтран ажиллаж байсан чадварлаг залуучууд. Алдаанаасаа суралцаж босч ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Анх удаагаа болсон зүйл биш. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед албан хаагч бүр ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Олон залуу төрийн албан хаагч нарт сургамж болоосой. Томилгооны наймаа байхгүй болсон гэдгийг хэлье. Ховд аймагт маань олон чадварлаг залуучууд бий. Тэднийг сонгон шалгаруулалтад өрсөлдөхийг хүсч байна” гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны наймдугаар сард Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, МАН-ын Удирдах зөвлөлд оруулан, дэмжсэнээр томилсон билээ.

Тэрбээр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон. Тус аймгийг удирдаж байсан Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг гацаасан үндэслэлээр чөлөөлсөн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn