Английн хөлгийг Улаан тэнгист живүүлжээ

Йемений тэнгисийн эргээр хөвж байсан Английн Рубимар ачааны хөлөг гуравдугаар сарын 1-нд Йемений Хути зэвсэгт бүлэглэлийн дайралтад өртөж живлээ. Хутичүүд энэ 4-ний өдөр Арабын тэнгист явсан Израилийн хөлгийг пуужингаар харваж, мөн Улаан тэнгист хөвж явсан Америкийн цэргийн хөлгүүдийг дрон болон пуужингаар довтолсон байна.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Йемений Хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист явж явсан Израилтай холбоотой хөлөг онгоцуудыг дайрсаар байгаа юм. Энэ нь Палестиныг дэмжиж буй хэлбэр гэж өөрсдөө тайлбарласан байна. Улаан тэнгист живсэн Английн Рубимар  хөлөг олон мянган тонн химийн бордоо, шатахуун ачиж явсан учир тэнгисийн экологийг бохирдуулж, загасны аж ахуйд томоохон хохирол учруулж болзошгүй болоод байна. Түүний зэрэгцээ энэ халдлага нь Улаан тэнгисийн хямралыг хурцатгаж, Палестин Израилийн мөргөлдөөний түймрийн галыг гадагш тэлэх магадлалтай юм. Ингэснээр Ойрх Дорнодын нөхцөл улам ээдрээтэй болно.

Английн тэнгисийн худалдаа хариуцсан газар, Улаан тэнгист хөлөг онгоц живсэн гэдгийг баталсан боловч, чухам ямар хөлөг болох талаар тодорхой өгүүлээгүй байна. Америкийн цэргийн төв командлалын газар, Рубимар  хөлөг живсэн нь Улаан тэнгист экологийн ноцтой аюул учруулж байна. Живсэн хөлөг тэнгист явж буй бусад онгоцны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

Олон улсын экологийн байгууллага болон тэнгис далай судлаачид, Рубимар  хөлөг живж, их хэмжээний бордоо, шатахуун алдагдсан нь Улаан тэнгисийн экологид ноцтой хохирол учруулж байна гэв. Йемений байгаль орчныг хамгаалах болон олон нийтийн удирдлагын газрын дарга асан Абдул Кадир Хараз хэлэхдээ, хөлгөөс алдагдсан химийн бордоо замагт ургамлыг төлжүүлж, замаг нэмэгдсэнээр шүрэн арлын шүр үлэмж хэмжээгээр устгана гэжээ.

Йемений засгийн газрын армийн генерал Салам Асбахи хэлэхдээ, Рубимар хөлөг онгоц живсэн нь байдлыг улам эгзэгтэй болгож, Америк Англи зэрэг Хути бүлэглэлд цэргийн цохилт өгч магадгүй боллоо. Цаашлаад тэд Йеменд зэвсэг хэрэглэж ч мэдэхээр байна гэв.

Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Хути зэвсэгт бүлэглэл Палестиныг дэмжиж Израил руу чиглэсэн хөлөг онгоцууд руу дайрч байгаа.  Энэ оны нэгдүгээр сарын 12-ноос хойш Америк Англи хоёр Хути бүлэглэлийн объектыг агаараас дайрч, олон хүн үрэгдэж, бас шархадсан юм. Хути бүлэглэл хариуд нь тэдний хөлөг онгоцууд руу довтлох болсон байна. Хутичүүд Газрын зурваст Израйл гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлсэн нөхцөлд дайралтаа зогсооно гэжээ.

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас хэлэхдээ, Палестин Израилийн гал зогсоох хэлэлцээ амжилттай болбол Улаан тэнгисийн байдалд намжиж магадгүй гэжээ. Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ энэ сарын 3-нд Каирт болж, ХАМАС болон Америк, Катар, Египетийн төлөөлөл оролцсон. Харин Израиль хэлэлцээрт оролцоогүй байна. Хуралд оролцогч талууд Рамадан  сараас өмнө гал зогсох хэлэлцээр тохиролцохыг хүсэж байгаа бодит байдал бүрхэг байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn