Барууныхан Украинд цэргээ илгээвэл цөмийн дайн эхлэхийг Путин анхааруулав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин жил бүр өөрийн улсын парламент болон бусад төрийн зүтгэлтнүүдийн өмнө тавьдаг илтгэлээ тавилаа.

Энэ үеэр тэр Украинд явуулж буй дайнаа зөвтгөж, Өрнөдийн удирдагчид ямар аюултай зүйлд хутгалдаад байгааг дахин дахин анхааруулав. Европын орнууд Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдсэн.

Гэхдээ энэ санааг АНУ, Герман, Их Британи зэрэг НАТО-гийн гишүүн орнууд нь няцаасан юм. Өчигдөр Путин энэ сэдвийг хөндлөө.

“Өрнөдийн орнууд бидэнд тэдний нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсэг байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал хүн төрөлхтнийг устгах цөмийн дайнд хүргэж болзошгүй байна. Тэд үнэхээр үүнийг хүсэж байна гэж үү?” гэж тэр хэллээ.

Путин бас Оросын цэргүүд Украинд амжилттай тулалдаж байгааг баталсан байна. “Манай зэвсэгт хүчний тулалдах чадвар олон дахин өссөн. Манай анги нэгтгэлүүд санаачилгыг баттай аваад байна. Тэд хэд хэдэн чиглэлд итгэлтэйгээр урагшилж, шинэ газар нутгийг чөлөөлж байна” гэж Путин мэдэгдлээ.

Украинд явуулж буй дайнаа тэр Оросын тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой гэж тайлбарлалаа. “Өнөөдөр эх орон маань тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалж, Донбасс, Новороссия (өөртөө нэгтгэсэн Украины газар нутаг) дахь элэг нэгтнүүдээ хамгаалж буй энэ үед манай ард иргэд, бидний эв нэгдэл шийдвэрлэх үүрэгтэй” гэж Путин хэлэв.

Тэрбээр “Бид Донбасст дайныг эхлүүлээгүй. Нацизмыг устгахын тулд, энэ дайныг зогсоохын тулд бүхнийг хийхээ би олон удаа хэлж байгаа. Цэргийн тусгай ажиллагааны бүх зорилтыг биелүүлэхийн тулд, ард иргэдийнхээ бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүхнийг хийнэ” гэв.

Путин бас Өрнөдийн орнууд Оросыг эзлэх гээд чадаагүй Адольф Хитлер, Наполеон Бонапарт нарын сүйрлийг дахин давтахыг анхааруулсан байна. “Гэхдээ энэ удаа үр дагавар нь илүү эмгэнэлтэй байх болно. Тэд дайныг хүүхэлдэйн кино шиг төсөөлж байна” гэж тэр энэ үеэр хэллээ. Өрнөдийнхөн зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд Оросыг турхирч байгааг тэр бас анхааруулсан юм.

“Өрнөдийнхөн биднийг зэвсэглэлийн өрсөлдөөнд татан оруулахыг санаархаж байна. Тэд 1980-аад оны үед ЗХУ-д амжилттай хэрэглэсэн арга залиа бидэн дээр давтахыг хичээж байна. Тиймээс бид шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хүчин чадлаа өсгөх замаар батлан хамгаалах салбарын иж бүрэн аж үйлдвэртэй болох шаардлагатай” гэж Путин хэллээ.

Илтгэлдээ тэр бас Орос улс эдийн засгийн хоригийг амжилттай даван туулж, удахгүй худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт орохоор байгааг зарласан юм.

Байгалийн баялгийн асар их нөөцтэй Орос улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд унасан ч өнгөрсөн онд буцаад огцом өссөн. Гэхдээ энэ өсөлт Украины дайнд зориулан улсын төсвөөс санхүүжүүлсэн зэр зэвсгийн үйлдвэрлэлээс хамаарч байгаа бөгөөд Оросын ард иргэдийн амьжиргааны түвшин сайжраагүй гэж судлаачид үзэж байгаа.

Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох ба 71 настай Путин энэ сонгуульд ялж, дахин зургаан жил энэ албыг хаших нь тодорхой байна.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn