“Playtime Festival 2024”-т 21 орны 50 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцоно

Playtime Festival 2024 онд Налайх дүүрэгт шинэ талбайд 7 дугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд  зохион байгуулагдах наадмын Line-up албан ёсоор зарлагдлаа. Playtime 2024  наадамд  21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн байгаа нь өмнөх оноос хоёр дахин их болов.

Playtime 2024 оны headliners буюу голлох уран бүтээлчид post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock  урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

Харин DJ нарын хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүнтэй Lindstrom, Dasha Rush, Livwutang, Fafi Abdel Nour,  Onra, Lipelis, Alex Kassian, Aisha Devi зэрэг уран бүтээлчид оролцох юм.

Төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй Инээмсэглэл хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай, 17 жилийн дараа Шөнийн галт тэрэг тайзнаа эргэн тоглож, The Colors, A Sound зэрэг дотоодын хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн нийт 250 хамтлаг, уран бүтээлчид 14 тайзнаас хөгжмийн хөтөлбөрөө хүргэх нь.

Playtime 2024 оны эхний  Line-up  зарагдахын зэрэгцээ Late Bird хямдралтай тасалбар 2 сарын 29-ний 12:00 цагаас эхлэн 3 сарын 11-ний 18:00 цаг хүртэл наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ.

Playtime 2023 оны сүүлийн өдөр нь үер усны аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлийн дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас цуцлагдсан билээ. Хэдийгээр сүүлийн өдөр зохион байгуулагчдын үйл ажиллагаа, хүсэл зоригоос үл хамааран цуцлагдсан ч наадмын зохион байгуулагчдын зүгээс хөгжимд хайртай үнэнч үзэгчдэдээ 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр борлуулахаа амласан юм. Тэгвэл 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Late bird тасалбар борлуулалтын үеэр энэхүү эрхээ эдлэх боломжтой аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn