Сумын сургуулийн сурагчдын амралтыг өөрчилнө

Засгийн газрын хуралдаанаар сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ тухай Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Яг одоо энэ асуудлаар Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг удахгүй танилцуулна. Зудад нэрвэгдсэн сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулна. Хугацааг нь хэлэх боломжгүй байна” гэсэн юм.

Тэрбээр өмнө нь “Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаар зам даваа хаагдсан, отроор нүүдэллэж яваа малчин өрхийн 5185 хүүхэд гэрээр бие даасан хэлбэрээр хичээллэж байна. Хэрвээ сурагчдын хаврын амралтад өөрчлөлт оруулахаар бол Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс холбогдох судалгааг хийж, салбар яаманд танилцуулна. Ингэснээр хот, орон нутгийн сурагчдын амралтыг адилхан зохицуулалт оруулах уу, гамшиг болсон аймаг, сумдын сургуулийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулах уу гэдэг асуудлыг хэлэлцэнэ” гэдгийг хэлж байв.

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, хаврыг хохирол багатай даван туулахад чиглэсэн шийдвэрүүд гаргасан. Хуралдаанаар өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийжээ.

Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн талаар албаныхан мэдээлээд байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn