О.Батнайрамдал: Гадаадад сурах олон мянган хүүхдийн мөрөөдөл нь Монголын хүсэл юм

УЕПГ-аас 1997-2023 онд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгасан байна.

Үүнээс 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ. Мөн улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгааг тогтоосон байна.

Энэ талаар өнгөрсөн жил олон нийтэд хаалттай байсан  мэдээллийг хүргэж, гомдолтой байгаагаа илэрхийлж байсан  О.Батнайрамдал Боловсролын зээлийн шалгалтаар УИХ олон нийтийн сонсгол зохион байгуулж, илүү нарийн мэдээлэл хүргэж, хууль зөрчиж татвар төлөгчдийн мөнгөөр олгосон зээлийг чөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Тэгш бус байдлыг халж, тэгш хуваарилалтыг хийе гэж байгаа бол боловсролоосоо эхлэх ёстой. Бидэнд өнөөдөр тулгарч байгаа асуудлын суурь нь боловсролын боломж байгаа. Олон мянган хүүхдийн гадаадад сурах мөрөөдөл бол Монгол Улсын хүсэл юм шүү дээ. Тэгвэл цаашид Боловсролын зээлийн санг татвар төлөгчдийн мөнгөөр төвлөрүүлээд явах уу гэдэг нь шийдэх асуудал болчихоод байна. Татвар төлөгчийн мөнгийг боловсролын зээлд зарцуулсан бол буцааж төлөх ёстой.

Эцэг эхчүүд өнөөдөр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд цалингийн зээлээс эхлээд байж болох бүхнээ тэмтрээд сургаж байгаа. Бид мөнгөгүй биш баялагтай улс юм байна гэдгийг сүүлийн хэдэн нийтийн сонсгол харууллаа. Баялгаар дамжиж маш их орлого орж ирсэн байна л даа. Харамсалтай нь зарцуулалт, хуваарилалтад байж боломжгүй асуудал үүссэн байна. Боловсрол яг адилхан байна. Байгалийн баялгийг шударга хуваарилах нь ногдол ашиг тараах биш юм.

Урт хугацааны зөв шийдэл нь байгалийн баялгаас орж ирж байгаа орлогоо боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил рүү оруулж байж, тэгш хуваарилалт болно. Өөрөөр хэлбэл, баялгийн сангийн зөв үзэл баримтлал нь байгалийн баялгийн урсгалаа боловсролтой уяж өгөх юм” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn