О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн газрыг 29 хуваан зарж, “шунал” хороолол болгосон

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын талаар мэдээлэл өгөв

О.Номинчимэг “Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалтын газар, Өмчийн харилцааны газартай ярилцаж, нөхцөл байдалтай танилцлаа. Анх 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Дараа нь 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэхдээ маш үл ойлгогдох байдлаар 400 мянган төгрөгийн асуудлаас болж зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн. Ерөөсөө НИТХ-аар шийдвэр гаргаагүй.

Бидний хувьд наадмын талбайгүй болж, битүү барилга баригдаад байна. Нийслэл 2005 оноос давамгайлсан бус 49 хувийн өмчлөгч болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д 38 га газартай болсон. Өнгөрсөн 2005 оноос хойш газар нь 29 салж, 12.6 га үлдсэн. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг. Жил бүр нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд урсгал засварыг хийдэг. Нийтдээ 2008 оноос урсгал засварт 4.6 тэрбум төгрөгийг зассан. Энэ нь хувь эзэмшилд нэмэгдэж, олигтой ногдол ашиг өгдөггүй. Энэ бол цэвэр шуналын асуудал.

Цэнгэлдэхийн баруун талд “Мөнх сан” ХХК-ийн эзэмшил барилга барьж байна. Энэ бол иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компани. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэчихээд үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж байна.

Энийг миний хувьд “шунал” хороолол гэж нэрлэмээр байна. Энэ барилгыг шалгаж, зогсооно. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах нийтийн эзэмшлийн талбайг давж, автозогсоол хийлгэсэн байгаа. Энийг нийслэлээс зогсооно. Мөн урд нь модон байшин байгаа нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байна. Үргэлжлүүлэн нэг давхар байшин баригдсан нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байгаа. Тус компанийн захирлаас тодруулахаар “Манайх биш” гэдэг хариултыг өгсөн учраас нураана. Энэ компанийн баримт бичгүүдийг авч үзэхээр 2023 оны арваннэгдүгаар сар хүртэл улсын бүртгэл дээр ганцхан иргэн Т.Нямдаваагийн эзэмшил дээр явж ирсэн.

Нийслэлийн 49 хувь бүртгэгдээгүй. Компанийн захирал хувь эзэмшлийг зөв бүртгүүлэх үүргээ хүлээгээгүй. Дүрэм нь хуучны, одоогийн Компанийн хуулийг зөрчиж байгаа. Тус компанийн ТУЗ-д төрсөн дүү, хүүхэд нь байхаас гадна нийслэлээс хоёр хүн байдаг. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурал хийдэг. Нийслэлээс жил бүр олон ажил хийсэн ч тус компаниас мэдээлэл өгч, хуралддаггүй. Дүрмийн сан нь нийт 210 сая төгрөг. Тэрнээс хэд дахин хөрөнгө оруулалтыг нийслэлээс хийсэн. Одоо ТУЗ-өө хуралдуулахгүй бол шүүхэд хандана” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn