Улсын хэмжээнд 2,009,000 мал хорогдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хорогдлын хэмжээ 85.9 хувиар өсөөд байна

Өчигдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийсэн. 

Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 27-нд төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, гуравдугаар сарын 1-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Ийм учраас малчин ард иргэд та бүхнийг цаг агаарын мэдээтэй уялдуулан аюулгүй байдлаа хангаж, амьжиргаагаа зохицуулна уу гэж анхааруулж байна. Цасан шуурга шуурах учир зам, даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, халтиргаа гулгах үүсэх эрсдэл бий. Иймд хөдөө орон нутаг руу явахдаа аюулгүй байдлаа дээд зэргээр сахихыг анхааруулж байна.

УОК-ын даргын тушаалаар орон нутагт долоон ажлын хэсэг ажилласан. Үндсэндээ малчин ард иргэдийнхээ нөхцөл байдалтай танилцах, засгийн газрын шийдвэрээр гарсан тэжээлийг хүргэх, цаг үеийн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ажилласан бүлгүүд өнөөдрөөс Улаанбаатарт эргэн ирж байна. Нөхцөл байдлыг ойрын хугацаанд авч хэлэлцээд, дараагийн алхмуудын ажлуудыг хийнэ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байна. Үүнээс 72,462 өрхөд өвөлжилт хүндэрсэн гэсэн судалгааг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Өвс тэжээл дууссан 39,414 өрх, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 өрх, түлээ түлшний хомсдол үүссэн 5800 өрх, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 өрх байна. Орон нутаг, сумын түвшинд ажил хариуцсан хүмүүсээс, малчдаас, бодит байдлаас энэхүү судалгааг гаргаж авч, хариу арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,009,000 мал хорогдсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хорогдлын хэмжээ 85.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод малын хот, ойролцоох газрууд нь цасанд дарагдсан, тусламж авах нэн шаардлагатай байгаа өрхүүдийн судалгааг мөн гаргалаа. Нийтдээ 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй, зайлшгүй нэмэлт хүн хүчний туслалцаа шаардлагатай байгаа 2032 малчин өрх байна. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч хэрэгслийг бид маргаашаас эхлэн ажиллагаанд оролцуулна. Ажиллагаатай холбогдуулан бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын 245 албан хаагч, 114 тээврийн хэрэгсэл өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 74 суманд ажилласан байна. Энэ хугацаанд 2748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газрыг зам гаргаж, бэлэн байдлыг хангалаа. 1778 тонн өвс тэжээлийг хүргэсэн. Энэ дүн мэдээ өдөр тутам өөрчлөгдөж, өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ хугацаанд тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл гарсан асуудал үүссэн ч цаг тухайд нь засварлан, ажиллагааг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Зам гаргах ажиллагаа цаашид үргэлжлэнэ. Эдгээр хүнд даацын, туулалт сайтай машин техникийн шатах, тослох материалыг тасралтгүй хангах арга тактиктай ажиллаж байна. Мөн аймгуудын өөрсдийнх нь хүч хэрэгслээр 7000 гаруй зам харгуйг гаргасан. Нийлбэр дүнгээрээ 23 мянган км зам харгуй гаргах ажлыг энэ хугацаанд зохион байгуулж ажиллалаа.

Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, эрт хариу арга хэмжээ авах, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан орон нутгийнхны зүгээс хариу арга хэмжээ авах шат дараатай арга хэмжээнүүд хийгдсэн. Энэ хугацаанд 21 аймгаас нийтдээ өвөлжилтийг хохирол багатай даван туулах аймгийн гамшгийн эрсдлийн нөөц хөрөнгөөс малчдад зориулан 17,9 тэрбум төгрөгийг орон нутгийн түвшинд зарцуулчихаад байна.

21 аймгийн хэмжээнд нийт 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хүргэж, хуваарилсан. Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, мал аж ахуйн салбараа эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг шилжүүлэх, малчдадаа туслах гэсэн шат дараатай арга хэмжээнүүдийг орон нутаг болон үндэсний түвшинд шат дараатай хэрэгжүүлж байна.

Аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн зүгээс сайхан сэтгэлийн тусламжийн аянуудыг бүх түвшинд зохион байгуулж байна. УОК-ын харъяа төвлөрсөн хандивын дансанд тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсан. 500 сая гаруй төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхүүдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.

Мөн Гандантэгчинлэн хийд болон Наро банчин гэгээнтний зүгээс 80 сая төгрөгийн өвс тэжээлийн тусламжийг таван аймагт үзүүлнэ гэдгээ бидэнд танилцуулсан. Даваа гаригаас эдгээр таван аймагт тусламжийг шат дараатай хүргэнэ” хэмээсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn