Монгол, БНСУ-ын хооронд нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр тохиролцсоныг зарлажээ

Зах зээлийн эрэлт өндөр байгаатай холбогдуулан хоёр улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо Өмнөд Солонгосын тээврийн яам Ням гарагт зарлалаа.

Тохиролцооны дагуу одоо Монгол руу нислэг үйлддэг Өмнөд Солонгосын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болсон байна. Эдгээр нь Жэжү арлын олон улсын нисэх буудал, нийслэл Сөүлээс зүүн хойд зүгт 150 км зайтай оршдог Ганвон мужийн Янян дүүргийн Янян олон улсын нисэх буудал болжээ.

Мөн өмнөд эргийн Бусан хотын Гимхаэ олон улсын нисэх буудлаас Монгол руу долоо хоногт зургаан нислэг үйлдэж байгааг ес болгон нэмэгдүүлэхээр тохиролцов. Үүнээс гадна орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгожээ.

Аялал жуулчлалын оргил үе буюу зургаагаас наймдугаар сарын хугацаанд хоёр улсын хоорондын долоо хоног тутмын нислэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн багадаа 10,800 хүргэхээр тохиролцсон байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын гаргасан тоо баримтаас үзвэл сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Тухайлбал 2021 онд 41,000 хүн зорчиж байсан бол 2022 онд 318,000, 2023 онд 653,000 болж өсчээ.

Эх сурвалж: Yonhap News


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn